Tuesday, March 10, 2009

Зөнөсөн хурандаа нараар жүжиг тоглуулахдаа хүрэв

Цагдаа нар өтлөж  чадахаа больж.  Насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж хурандаа цол зүүгээд тэтгэвэртээ суусан хөгшчүүл нь  УИХ-ын Тамгын газар хүртэл заалдаж улстөржиж эхлэдэг байна шүү.  Д.Базаргүр, С.Дамдин, Л.Очирхуяг, Ш.Энхбат гэсэн дөрвөн хурандаа өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид  ил захидал гээч юм гардуулав. Тэдний үзэж байгаагаар бол цагдаа нар хэлмэгдүүлэлтийн  золиос болоод байна гэнэ.  Долдугаар сарын 1-ний үймээнд дөрвөн хүн буудуулж амь насаа алдсан хэргийг Улсын прокурорын ерөнхий газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаад цагдаа нар буудсан болохыг тогтоосон нь тэдэнд таалагдахгүй байгаа юм байх аа. Тэгээд энэ бүхнийг УИХ  анхааралдаа авч “төрийн дүгнэлт” гээчийг гаргах хэрэгтэй гэжээ. Хурандаа нарын  энэ ил захидал гэхэд хэцүү, шаардлага гэхэд  дөхөм зүйлээ цагдаагийн байгууллагад олон  жил ажилласан хууль зүйн мэдлэгтээ дулдуйдаж бичсэн гэж гайхуулжээ. Нээрээ л  гайхмаар юм болов. Хэрэг бүртгэж мөрдөн байцаалт явуулж прокурор хянаж байгаа хэрэгт  төрийн дүгнэлт” гээч юмыг УИХ  гаргаж болно гэсэн хуулийн зүйл заалт ЭБШХ-д  лав байхгүй.  Ямар ч хэрэг энэ хуулийн хүрээнд шалгагддаг гэдгийг хашир хурандаа  нар мэдмээрсэн. УИХ гэдэг байгууллага өөрөө хуулийн доор оршдогийг ч тэд мартлаа гэж үү. Үгүй, тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин хурандаа цолондоо эрдэж, цагдаад ажиллаж хамаг бүхнийг өмнөө бөхөлзүүлж явсандаа дулдуйдаж байгаа нь энэ.
     Захидлыг инээд алдан хоёр гардан тосч авсан Ц.Шаравдорж  ч шалгагдаж байгаа хэргийн талаар иймэрхүү цаасыг УИХ-ын Тамгын газар хүлээж авдаггүй гэдгийг бас мэдэж байгаа. Тэр бол хуульч хүн. Бүр Улсын дээд шүүхэд ажиллаж байсан хүний хувьд цагдаа нар ингэж даварч болдоггүй гэдгийг  ойлгож таараа. Гэвч  хэдэн зөнөсөн хурандаа нарын  прокурорын газрынхныг  матсан матаасыг хүлээж авахдаа хэвлэл мэдээллийнхнийг дуудаж ирээд л жүжиг тавив. Өчнөөн олон иргэний хөдөлгөөн, улстөрийн намууд  бараг өдрийн нэг  мэдэгдэл, захидал гаргаж л байдаг. Тэр болгоныг ч хэвлээд байдаггүй байхад  өвгөн хурандаа нарын захиаг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь хүлээж аваад сайхан загнаад байхын  учир юу байна.   Үймээний үеэр буудуулж  нас барсан  иргэдийн амь насыг төр үл тоохын тэмдэг үү.  Цагдаагийн хурандаа нарын холбогдсон хэрэг мөдхөн хэрэгсэхгүй болохын дохио юу.  
    Бошиготын хөдөлгөөн 1998 онд Сүхбаатарын талбай болон Ялалтын талбайд эд галзуурч байх үед нэг өвгөн цагдаа  нартай ноцолдож байгаад санамсаргүй хутгалчихаж билээ. Өөрийнхөө ач шиг залууд мэс хүргэчихсэн  өвөөг  хөдөлгөөнийхөн хөөргөж бас дээрээс нь зөнөг залгаж хэвлэлийн од болж нэлээд явсан юм даг, хөөрхий.  Хүн бүхэн л “Хутга” Баасан, “хутга” Баасан”  гээд л. Өнөөх нь зайлуул “Одоо хэрвээ жагсаал  болвол би дахиад хэд хэдэн хүнийг хутгалахад бэлэн байна” гэж яриад л.  Яг тэрэн шиг явдал  цагдаад болоод байна.   Нэлээд хэдэн жилийн өмнө тэтгэвэрт гарч олны ой санамжаас арчигдсан  хурандаа өвөө нарыг хэн нэг нь хөөргөөдөхөж. “Та хэд чинь хурандаа цолтой, цагтаа цалгиж,  цалингаа буухаар наргиж явсан шонхорууд. Та нарыг үг хэлэхээр бүгд айна. Хэвлэл мэдээллийнхэн ч анхаарна” гээ биз. Өнөөдүүл нь ч  ач гучаа цэцэрлэг сургуулийнх нь хооронд зөөж явдаг ажлаасаа нэг өдөр ч гэсэн холдохын түүс болохдоо одонгоо зүүгээд Ц.Шаравдоржийн өрөөнд орж явчихсан хэрэг.  “Яахав дээ тэд нэг орой хөгшиндөө ярих юмтай болоо биз. Тэглээ гээд яахав” гэх хүмүүс гарах л байх. Гэвч үнэндээ тийм биш.  Төрийн нэрийг бариад иргэдээ хөнөөчихсөн этгээдүүдийг өмөөрч байгаадаа тэдний “хэрэг хүндэрч” байгаа юм. Бас буудах тушаал өгсөн цагдаа нарыг улайлгаж чадвал тэдний ард  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хэн нь гол үүрэг гүйцэтгэсэнийг нь тогтоож болох учиртай.  Тэд ийм хэргийг цайруулах гэж, баллуурдах гэж  Ц.Шаравдоржийн өрөө рүү орж яваад л гол утга нь бий.  Тэгэхээр  буудах тушаал өгсөн хэргийн ард томоохон төрийн зүтгэлтэн тодорсоноос л зөнөсөн хурандаа нараар жүжиг тоглуулахдаа хүрэв байна.
Л.Мөнхбаясгалан Өдрийн сонин : 2009.03.10 №058(3135)

No comments: