Friday, August 13, 2010

“МЭРГЭН БУУДСАН” ДАРГА хэн байж таарах вэ?

Цагдаагийн нэгэн ажил­тан юу ярьсан тухай, бас ямар тэмдэглэл хө­төл­сөн тухай хэвлэлээр цухасхан гараад авсан. Бодвол долдугаар сарын нэгний тэр шөнө болсон явдлыг, хамгийн гол нь энгийн иргэдийг дөрөв таваар нь буудан хороо­сон үйлдлийг хүлээн зөв­шөөрөөгүй тэр цагдаа, хожим хэрэг болно хэ­мээн үзээд тэмдэглэл хөтөлсөн биз ээ. Тэм­дэглэлд "Ма­най дарга мөн мэргэн буудаж бай­на аа" гэж хэн нэг нь дуу алдсан тухай дурдсан бололтой юм. Тэр "мэр­гэн буудагч" хэн болоо. Зарим эх сурвал­жийн хэлэхээр бол хуран­даа Батсүх л болов уу гэх.
Энэ бол бат­лаг­даагүй сураг шүү. Харин "Ам нээвэл уушги нээ" гэж тэмдэглэл хөтөлсөн цаг­даа үгээ хэлэх л байлгүй. Хэлсэн учраас хэрэг эр­гэж шалгагдаж байгаа ч юм билүү.  Гэхдээ Батсүх хурандаа зарим хэвлэлд  өгсөн ярилцлагадаа "Би ч гэсэн дээрээ даргатай" гэсэн санааг удаа дараа хэлээд авсан нь бий. Ухаандаа хардаж болох хүний тоо таван хуруунд багтаж байна гэсэн үг. Ерөнхийлөгч асан "буу­дах тушаал өгөөгүй" ту­хайгаа олон удаа хэлсэн. Цаана нь дөрөв үлдэнэ. Батсүхийн хэлснээр бол дээд дарга (үлдсэн дөр­вийн нэг байж таарах нь) "мэргэн буудах" тушаал өгсөн болохыг л тойруу замаар хэлээд байсан юм биш үү гэмээр. Энэ мэтчилэн олон бодол хүн бүрийн л толгойд эргэл­дэж байгаа. Тавын таван хүний алтан амь эрсдэж, тэднээс дөрвийг нь ма­шинаар хөөж байгаад буудан хороосон байтал гэрчлэх хүн нэг ч ол­дох­гүй байна гэвэл хүн итгэх үү. Тэр тусмаа шалгаж байсан прокурор Б.Галдаа нэгэнтээ "цаг­даа буудсан баримтууд хангалттай байгаа" гээд хэлчихсэн байхад шүү. Тухайн үе­дээ хэргийн эзэн бараг л олдчихсон мэт л ойлгог­дож байсан. Тэгсэн өдгөө юу болсон юм бүү мэд. Нөгөө шудар­га прокурор Б.Галдаа маань нэг л эргэл­зэж тээнэ­гэлзсэн ч юм уу, эсвэл дарамт шахалтанд орсон ч юм уу сонин үг өгүүлбэр амнаасаа уна­гаасан бололтой. Цаг­даа­гийн дарга асан нэгэн эрхэм хэн нэгнийг "уст­гах" захиалга өгч байсан ту­хай цагдаагийн хуран­даа хүнээс сонсож бай­сан юм даг. Тухайн үедээ ит­гээ­­гүй учир ил гаргаагүй юм. Одоо бол оргүй ч биш мэт санагдах болсноо нуух юун. Иймэрхүү л бай­дал­тай "Долоон са­рын нэгэн" гурав дахь ойтойгоо зол­гож байна. Хар ухаанаар бодвол амархан л олд­чихмоор хэрэг шиг. Онц байдал зарласан Ерөн­хий­лөгч, байраа шатаал­гасан на­мын дарга бө­гөөд Ерөн­хий сайд, онц байдлыг хариуцан ажил­ласан ХЗДХ-ийн сайд гурав дээр цагдаагийн гурван дарга. Эхний гур­вын до­тор "чиглэл өгөгч", дараа­гийн гурав дотор" тушаал буулгагч" байгаа шүү дээ. Дээр өгүүлсэн тэмдэглэл зэргээс харвал "мэргэн буудагч" сүүлийн гурав дотроос тодорч байх шиг. Ямар боловч хав дараг­даад, бараг цайрах тийшээ алсарч байсан ноцтой хэрэг, шинэ про­курорын өнгөн дээр да­хин шалгагдах нь тодор­хой болов. Цэл за­луу­хан үрсээ буудуулсан эцэг эхийн сэтгэлд ужги­ран буй гомдлыг бага ч атугай нимгэлэх шийдвэр гараа­сай билээ. Сонсоод байх нь ээ нотлох барим­тууд цөөвтөр л бололтой. Жи­шээ нь хэргийн газ­раас 35 ч билүү хонгио олд­соны хориод нь цаг­даа­гийн бууных ч гэх шиг. Бусад нь хэнийх болж таарахнав.
Буутай эн­гийн иргэд бас буудаад дав­хиж явсан болж байна уу. Тэр шөнө юун 35 гэ­хээр олон буудсаныг олон хүн гэрч­лэнэ дээ. Тэр олон сумны хонгиог шөнөжин түүлгэ­сэн тухай яриа яв­даг. Юуны учир, хэн ту­шаал өгч түүлгээ бол. Бас үүр цайхаас өмнө амжиж амиа алдаг­сад болон шарх­даг­сдын цу­сыг яа­равчлан цэвэр­лүүлс­­ний цаана юу нууг­даж үлдээ бол. "Муу­сайн юм­нуудыг ёстой тарвага шиг хөөж бай­гаад бууд­лаа шүү" хэмээн онгир­сон цагдаа­гийн ту­хай иргэний өгсөн мэ­дээлэл байдаг. Энэ үнэн бол "мэр­гэн буу­дагч"-ийн үлгэр­лэлд хөөр­­­сөн цаг­даа ганц нэ­гээр зогсохгүй байх гэж бодохоор.  

ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ ЭРГЭН САНУУЛАХУЙ

Шинэ мэдээлэл биш л дээ. Жил гаруйн өмнө мөн л "Долоон сарын нэгэн"-ний өдрийг то­хиол­дуу­лан бичигдэж бай­сан барим­тууд ч бий. Түүхэнд тэм­дэглэгдэн үлд­сэн "цуст ням гариг"-тай л адилтгах хэрэг "До­лоон сарын нэгэн" мөн байх. Хэдэн жилийн өмнө Тань Ань Миней талбайд жагсагч­дыг танкаар няц дарсны шөнө газраар нэг асгар­сан цусыг кока ко­лагаар угааж цэвэрлэсэн гэдэг юм билээ. Цус ор мөргүй арилсан ч хэрэг мартаг­даагүй. Харин ч эсрэгээр Бээжинд очсон хүн бүр энэ талбайд очиж эмгэ­нэл илэрхийлдэг жи­шиг тогтсон гэхэд болно. Ийн­хүү тухайн үед иргэ­дээс ирж байсан зарим мэ­дээл­лийг товчлон хүр­гэсүү.

2008.07.03. Нийслэлийн АН-ын ажилтан ...

Манай ажилтан М-ийн ах хөдөөнөөс ирсэн байсан юм. 23 цагийн үед хоолны мах авах гэж гарч яваад буудуулсан байна. ГХЯ-ны тэнд цагдаа нарт буудуулж нас баржээ. Мөнх-Эрдэнэ гэж 27 нас­тай залуу. Дорнод аймагт цагдаа байсан. Хотод ирээд Толгойтод авсан байрандаа засвар хийж байсан хүн. Хадам ээжээ тосож аваад дэлгүүр оро­хоор явсан гэсэн. Гэр бүлтэй, нэг хүүхэдтэй. Өвөрт нь иргэний үнэм­лэх нь байсан юм байна. Хүзүү хавьдаа буудуул­сан. Ахынх нь утас: 997906..., 981444...  Баа­хан хүн барьж хүлээлгэнд хорьсон байна. Хү­мүү­сийг зодож, дарамталж байгаа тухай мэдээ ир­сэн. Өөр хүмүүс алагдсан тухай ч мэдээ ирлээ ...

2008.07.03. Иргэн Э, Утас: 996337..., 990957...

Миний ах Э.Дорж­сү­рэн 24 настай. "Мейжик" гэж Канадын компанид орчуулагч хийдэг байсан юм. Өчигдөр шөнө 20 цаг хагаст ажлаасаа тараад гуравдугаар хороололд танилындаа очиж теле­виз үзэж байгаад 21 ца­гийн үед явсан байсан. Тэр үед цагдаа нар зам хааж байсан гэсэн. ГХЯ-ны урдхан явж байгаад дүүтэйгээ таарсан байна лээ. Тэгэхэд буудаад бай­­гааг хоёулаа сонсоод зогсож байсан чинь цагдаагийн машин гарч ирээд дотроос нь хүмүүс рүү шууд буудаад байхыг харсан. Дүүдээ 1000 төг­рөг өгч явуулаад өөрөө өөр тийш явсан гэсэн. Тэгсэн 01 цаг 40 минут орчим хүзүүндээ буу­дуулж нас барсныг өнөө­дөр мэдлээ. Араас нь бүх гэрлээ асаасан жийптэй хүмүүс хөөж бууд­сан гэж гэрчүүд ярихыг сонслоо.

2008.07.03. Иргэн М. Утас : 992375..., 966638..., 880906..., 886663..., 998567...

Манай дүү Ц.Энх­баа­тар 36 настай. Хувиараа бизнес эрхэлдэг хүн бай­сан. Эхнэр нэг хүүхэдтэй. Дорнод аймгийн харьяат. Өчигдөр шөнө ГХЯ-ны тэнд явж байгаад бөөр­ний тус газраа буудуулж, уушги нь задран нас барсан байна. Цагдаа нар хөөж буудсан гэж сонслоо.

2008.07.04. Иргэн Г.Б. Утас: 888402...

...Өчигдөр 200 гэсэн дугаараас утасдаад та­най хамаатан нас бар­сан байна. 35 орчим нас­тай хүн. Ирж зургийг нь үзээч гэсэн. Тэгээд удаа­гүй байтал энгийн хув­цас­тай хоёр хүн машин­тай ирээд архичин гэмээр хүний зураг үзүүлсэн. Манайд ийм хамаатан байхгүй гэсэн чинь бүх бичиг баримт ху­рааж аваад, ээ­жийгээ гэртээ үлдээ гээд да­гуу­лаад яв­сан. Эрүүгийн цагдаа­гийн газар аваа­чаад "Чи хэний хүн бэ. Тэрийгээ хэл. Камерт чи­ний бичлэг байгаа. Най­ман жилийн ял өгнө гэхч­лэн сүрдүүлж, Магнай­гийн, эсвэл Жа­гаагийн хүн гээд хэлчих гээд дуугүй байхаар цохи­хоор үе үе гар далайж байсан. Тэгж байснаа чамайг хүнтэй нүүрэл­дүүлнэ гээд гаднаас нэг залуу оруулаад ирсэн. Би урд өдөр жагсаал бо­лох үед талбай дээр хүмүү­сийн дунд хараад л зогсож байсан юм.

Тэгсэн гурван залуу ирж танил­цъя гээд гар барьсан, утас­ны дугаар авсан. Хүмүүс МАХН-ын байр­ны тийш явж байсан үе. Нөгөө гурвын нэг нь хү­мүүсийг турхирч хашги­раад л. Их тэнгэр рүү дайръя. Баярын гэрийг шатаая, устгая гэхчлэн орилоод байсан. Харсан чинь өчигдөр надтай та­нилцсан, орилоод бай­сан залуу байсан. Нөгөөх чинь эрүүгийн төлөөлөгч юм байна.

Хамтраад намайг байцаасан. Тэр нөхөр "Чамайг би мэднэ. Бая­рын гэрийг шатаана гэж чи хашгирсан гэж тул­гаад. Би утсаар гэр рүүгээ ярья гэсэн зөвшөө­рөөгүй.

Тал талаас зэрэг зэрэг байцаагаад "Сон­гуульд хэний төлөө санал өгсөн. Аль намынх, жаг­саалыг Ардчилсан Нам зохион бай­гуул­сан биз дээ гэхчлэн шахаад. Бай­цаагч нар халамцуу байх шиг байсан.

Яг зодох гэж байтал ашгүй ээж маань ирчих­сэн, шагайгаад "Наад хүүхэд чинь тархины гэм­тэлтэй. Унадаг юм" гэж байж болиулсан. Сүүл­дээ нөгөө хэд чинь "Хам­арч ажиллана. Жаг­­саалд оролцсон хү­мүү­сийн ту­хай мэдээлэл олж ир" гэхчлэн аяглаж байгаад дахин дуудна гээд явуул­сан.  Байцаагч нь Батхүү гэсэн байх. Утас нь: 99194438, 55253925

2008.07.04. Б.М. 24 настай. "Боловсрол" дээд сургуульд багш. Утас: 998916...

Ард кино театрын тэнд явж байсан чинь машинтай цагдаа нар ирээд шууд баривчилсан. Тэгээд нэг газар аваачиж зөндөө зодож дарам­талсан. Баригдсан олон хүн тэнд байсан. Бүгд л зодуулсан. Бороон дунд, халуун наранд гадаа суулгаад, яг л кинонд гардаг шиг. Эхний өдөр уснаас өөр юм өгөөгүй. Хоёр дахь өдөр тал өгсөн. Миний бичиг баримт бү­рэн байсан болохоор гурав хоноод гарсан. Ха­рин анх хурааж авсан түрийвч, цаг зэрэг бусад зүйлийг маань өгөөгүй. Ер нь хүмүүсээс юмыг нь хурааж аваад л газар шидээд байсан. Яагаад зүгээр хүмүүсийг ингэж тамлаад байгааг лав­ласан чинь "Улс бидэнд эрх өгсөн юм. Яасан ч бидний дур" гээд цохиж байсан. Тэнд хүүхдүүд ч байна лээ. 

2008.07.04. С.Билгүүн. Утас: 991881...

Би энэ сумны хонгиог Багшийн дээдийн дэр­гэдэх автобусны буудал хавиас оллоо. (Батлан хамгаалах болон цагдаа­гийн офицерууд л эзэмш­дэг Макаров гэх гар буу­ны сумны хонгио өгөв О.Ш)

2008.07.04. Хүчитбаатар. Маг­най­гийн сонгуулийн менежер:

Батзанданг өнөө өг­лөө баривчилж Ганц ху­дагт хорьсон гэж дууллаа. Хуулийн зөвлөх Баясга­лан ингэж хэллээ. Хэл­мэгдүүлэлт болж байх шиг байна. Ардчилсан На­мын зүгээс ямар нэг асуудал тавих эсэхийг мэдэх гэсэн юм.

2008.07.05. Иргэн Ё.Долгормаа Утас: 998006...

...Жагсаал болох өдөр таксигаар МАХН-ын байранд ирсэн. Олон хүн тайван жагсаж, цагдаа нар намын байрыг хам­гаалж байсан. Үүдэнд зогсож байсан хошуу­чаас гуйж байгаад хоёу­лаа дотогшоо орсон. Дар­га нартай нь уулзаж сонгууль булхайтай болс­­ныг л хэлэх гэсэн юм. Нэг хүүхэнтэй тараад дарга нарыг нь асуусан. "Та нар аль намын хүмүүс вэ" гэж байна. АН-ыг дэмж­дэг гэчихсэн чинь учиргүй хөөгөөд "Та нар АН-аас ямар авлига ав­сан" гэхч­лэн хашгичаад байсан. Удалгүй л бужигнаад эхэлсэн шүү.

2008.07.07. Баярмаа:

"Улаанбаатар" зочид буудлын тэр хавиас хоёр хонгио ол­лоо. (Нэг нь АК бууны, нөгөө нь резин сумны хонгио байсан О.Ш)

2008.07.07. Иргэн Н. Утас 911996...

Батзаяа гэж 16 нас­тай хүү. Цагдаа нарт до­лоон сарын нэгний шөнө буудуулсан. Гэмтлийн эмнэлэгт мэс засалд ороод биенээс нь сум авсан. Гэмтлийн зургаан давхарт хэвтэж байна. Өөр бас нэг буудуулсан хүүхэд тэнд байгаа. Дунд чөмөг нь хуга буудуулсан байна лээ.

2008.07.07. Цагдаа­гийн ажилтан Н.

Танай намын байрны хавиар эрүүгийн гэмт хэрэгтэн хоёр гурван хүн эргэлдээд байна. Юу ч хийж магадгүй хүмүүс шүү. Уг нь арван жилийн ялтай шоронд сууж бай­гаа ялтан. Миний мэдэ­хээс Паниг хочтой Бат­жаргал 10 жилийн ялтай, нөгөө нь Өмнөговийн Батжаргал гэгч мөн л 10 жилийн ялтай. Бас 120 мянгатын "сахал Баба" гэж эрүүгийн элемент ч явж харагдана лээ. Бол­гоомжтой байгаарай.

2008.07.19. Хуран­даа Ж.Г.Цагдаагийн академид багш:

Галын байгууллагад 30 жил ажилласан. Энэ долоон сарын 13-нд гэ­нэт ажлаасаа халагдлаа. Над­тай хамт галын бай­гууллагад 14 жил ажил­ласан Д.Хишигбаатарыг долоон сарын нэгний өдөр халж тэтгэвэрт нь суулгах шийдвэр гэнэт гарсан байсан. Өчигдөр УИХ чуулган хараад олон зүйл бодлоо. До­лоон сарын нэгний галыг ажигласаан. Оросын эл­чингийн тэнд явж байтал тэндхийн цагдаагийн ажилтан "Цаана чинь хүн алах нь байна шүү" гэж хэлж байсан. Тухайн үе­дээ анзаарсангүй. Би галын байгууллагад 30 жил ажиллахдаа гал гар­сан газар галын машин ирчихээд дусал ч ус ца­цалгүй шатааж дуусгасан тохиолдлыг мэдэхгүй юм. Шөнийн 03 цаг болж бай­хад яагаад ус цацахгүй байгааг лавласан чинь Уран зургийн галерейн галыг унтраасны дараа урагшаа ор гэсэн гэж нэг нь хэлж байсан. МАХН-ын байр бол тийм ч амар шатаад байхаар байр биш шүү дээ. Сүүлд өрөө­­­нүүдээр ороход ихэнх өрөө огт шатаагүй байна лээ. Харин Уран зургийн галерей бол шаардлага хангаагүй байр. 2005-2006 оны үед байх. Тэр байрыг хүлээж авахад нь манай бай­цаагч комиссын гишүү­ний хувьд галын шаард­лага хангаагүй байр гээд хү­лээж авах актанд гарын үсэг зураагүй юм. Дан модоор шахуу барьсан байр шүү дээ. Тэр үед манай дээд дарга УИХ-ын гишүүн Хүрэлсүх бай­сан. Нөгөө байцаагчийг дуудаж загнаад, гарын үсэг зурахгүй бол ажлаас чинь хална, энэ тэр гэсээр албаар хүлээж авсан гэхэд болно. Сайн шалга­вал их зйл байгаа болов уу. Би галын үед шөнийн 01 цагаас маргааш өд­рийн 15 цаг хүртэл ажил­ласан.

2008.07.21. Зураач О. Утас: 990150...

МАХН-ын байр Дуу­рийн театр хоёрын дун­даас хоёр хонгио оллоо. (Нэг нь АК бууны сургуу­лийн сумны, нөгөө нь байлдааны сумны хон­гио байв О.Ш) Надад "Сони" камераар авсан бичлэг байгаа. Хэрэгтэй бол өгч болно. Долоон сарын нэгний шөнө ми­ний танил зураач Марта найз бүс­гүйтэйгээ болж буй үймээ­нийг сонирхож яваад цагдаа нарт баригдсан. Телевизээр баригдсан хүмүүсийг гар­га­хад тэнд байгаа хараг­даж байсан. Хоёулаа зөндөө зодуул­сан, хөх няц болсон сор­ви байгаа гэж байна лээ.

2008.07.21. Иргэн Н. "УБ Эрдэм" сургуу­лийн захирал:

Манай нэг багш Л.Т. жагсаалын үед тэнд явж байгаад болсон явдлыг харсан байна лээ. Цаг­даа нар баривчилсан хү­мүүсээ СТӨ-ний доод талд оруулж хориод зо­дож байхыг харсан бай­гаа юм. Тэгсэн нэг жагсагч түүнийг харчихаад "Ма­найхныг энд зодож бай­на" гэж хашгирсан. Тэ­гээд л хүмүүс тийшээ дайрч зодоон, цохион болсон юм билээ.

2008.07.27. Нэрээ нууцалсан эх сурвалж:

Жагсаалын шөнө би тэнд байсан юм. Надтай хамт тэнд зогсож байсан хэд хэдэн энгийн хүмүүс энэ явдлыг харсан шүү. Өнөө бамбай барьсан цагдаа нарын ард Эр­гүүл хамгаалалтын газ­рын дарга дэд хурандаа Мяг­маржав нуугдаад жагсаг­чид руу чулуу шидээд, бусад цагдаа нараар шидүүлж байсан.

2008.07.29. Иргэн Б. Утас: 990085...

Саявтархан цаг­даа­гийн газраас усанд живж нас барсан хүний тоо 70 гарсан гэж мэдээлж бай­сан. Тэдний заримыг байж магадгүй цагдаа­гийн сургуулийн хэдэн сонсогчоор нэг газар булуулсан байна лээ. Сонсогч нарыг сонгож аваад нууцыг хадгалах тангараг өргүүлэн гэсэн. Цогцсуудыг булж бай­хад ихэнх нь зодуулсан, буудуулсан байж бол­зошгүй сорвитой байсан гэж ярихыг сонссон. Саяын жагсаалын үеэр буудуулсан хүн тав биш байж магадгүй.

2008.07.31. Иргэн Б. Утас: 911502...

Долоон сарын нэгний шөнө барилга дээр ажил­лаж байгаад 22 цаг өнгө­рөөд талбай дээр ирсэн. Дуурийн театрын орчим буун дуу тачигнаад бай­сан. Уг нь шөнөжин ажил­лах байсан ч онц байдал зарласан тухай теле­визээр сонсоод ажлаа зогсоосон юм. Төв зам дагуу явж байсан чинь гэнэтхэн цагдаагийн маяк­тай машин, бас арай том хар машин хоёр багшийн дээдийн тэн­дээс гараад ирсэн. Тэнд байсан хү­мүүс цагдаа ирлээ гээд чулуу шидэц­гээж байсан. Нөгөө хоёр машин буцаж явснаа гэнэтхэн эргэж ирээд шууд буудаж эхэл­сэн. Би замын хажуугийн хайс даваад хэвтэж нууг­даж байгаад чимээ нам­дахаар босож харьсан. Хүн буудсан газар зөн­дөө цус нэлийсэн байс­ныг Х гэж хүн камераар бичиж авсан байх.

2008.07.31. Иргэн Х.

Тэр шөнө гэдсээрээ буудуулсан нэг хүн гэртээ хэвтэж байна. Цагдаатай уулзсан гэсэн. Их айлга­сан юм шиг байна лээ. Хувиараа боолт хийлгээд байж байна. Шаардлага­тай гэвэл уулзуулж болох юм. Ээж нь манай гэр бүлийн хүнтэй хамт ажил­ладаг юм.

2008.07.31. Иргэн Л.

Ганц худагт миний таних зургаан оюутан хоригдож байна. 20 гаруй оюутан гадуур байцааг­даж бай­на. Миний танил нэг оюут­ны аав эргүү­лийн цагдаа хийдэг юм. Тэр шөнө гудамжинд нэг цаг­даа хүн бороохойдож бай­­хад тааралдаад "Бо­лиоч" гээд хэлчихсэн чинь эргээд өөрийг нь цохиод унагасан. Унахдаа цамц­наас нь татсан чинь по­гоон нь ханзарчихаж. Тэгсэн шууд баривчилсан байна лээ. Тэр оройдоо зөндөө зодуулсан гэсэн. Газар мөлхүүлээд байсан гэнэ. Одоо нил хөх няц.

2008.07.31. Иргэн А.

Манай хамаатан ах цагдаа хийдэг юм. Нийс­лэлийн цагдаад л ажил­ладаг. Тэр шөнө гэртээ их омгорхуу ирээд "Муусайн юмнуудыг ёстой тарвага шиг буудлаа" хэмээн хөөр­цөглөж байхыг сонс­сон. Шөнө талбайд хүн хөөж буудсан гурван ма­шины нэг нь хар өнгөтэй "Делика" байсан.

 
Жич: Дээр бичигдсэн мэдээллүүдийн талаар Улсын прокурорын дэр­гэ­дэх Мөрдөн байцаах газарт гурвантаа мэдүү­лэг өгсөн бөгөөд, иргэ­дийн авчирч өгсөн сумны хонгионуудыг тоо ёсоор хүлээлгэн өгсөн болно.

No comments: