Saturday, July 18, 2009

Буудсан цагдаа нарыг өршөөхийг эсэргүүцсэн иргэд өлсгөлөн зарлалаа

 Сонгуулийн луйвар булхайд бухимдсан иргэд 2008 оны долдугаар сарын 1-нд үймээн дэгдээж, таван иргэн амиа алдаж, цөөнгүй иргэд биедээ сумны шархтай үлдсэн бол үймээнд оролцогчдын дийлэнх нь ял сонсож хоригдоод буй. Эдгээр ял сонссон иргэдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж батлаад байна. Гэхдээ энэ хуулийн агуулга долдугаар сарын 1-ний хохирогчдод таалагдаагүй бололтой. Үймээнд оролцож амиа алдсан хийгээд шархтсан зарим иргэдийн ар гэрийнхэн өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлалаа.
Тэдний төлөөлөл 20-иод хүн Төрийн ордоны зүүн хаалганы хажууд гурван майхан босгон өлсгөлөн зарлаж сууна. Хохирогчдын ар гэрийнхэнд иргэд рүү буу шагайсан цагдаа нарыг өршөөлийн хуульд хамруулахыг эсэргүүцэж буй аж. Төрийн ордоны зүүн талд талийгаач Ц.Энхбаатарын эхнэр Ш.Бямбасүрэн, талийгаач Э.Доржсүрэнгийн ээж Д.Үржинсүрэн, шархтсан Ж.Батзаяагийн ах Ж.Батсүрэн, шархтсан Э.Энхтөрийн аав Л.Энхбат нар өлсөхөөр шийдсэн бол буудуулж шархтсан Г.Ариунбаатар суулт хийж байна. Иргэд “С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарт хуулийн хариуцлага тооц, буудах тушаал өгсөн албан тушаалтныг олж тогтоо”, “Өршөөлийн хуулинд алуурчид хамрагдах ёсгүй”, “Гэрэлт хөшөөний газрыг шийдэж өг”, “Шархтсан иргэдийн эрүүл мэндийн асуудлыг төр хариуц”, “Монгол хүний үнэ цэнийг тогтоо” гэсэн бичиг бүхий лоозонг майхнаа тойруулан тавьжээ. Бид өлсгөлөн зарласан иргэдтэй уулзсан юм.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Би шархтсан Энхтөрийн аав Энхбат байна. Бид Өршөөлийн хуулинд иргэд рүү буудсан цагдаа нар хамрагдаж байгааг эсэргүүцэж энд өлсгөлөн зарлаад байгаа.
-Таны гарт ямар бичиг байгаа юм бэ? /Тэрбээр гартаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт гэж хаягласан захидал барьж суулаа /
-Шархтсан хүмүүсийн ар гэрийнхэн хамтарч төрийн гурван өндөрлөгт энэ захидлыг хүргүүлж байгаа юм. Хэрвээ цагдаа нарыг өршөөлийн хуульд хамруулаад суллачих юм бол бидний хохирлыг барагдуулах бас хариуцлага тооцох эзэн олдохгүй байна. Сая Өршөөлийн хуулийг батлахаар хэлэлцэж байхдаа шархтсан хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр өгөх тухай яриагүй. Бид өчнөөн удаа бичиг хүргүүлж байсан. Доод тал нь 300 сая төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл УИХ-ынхан шархтсан иргэдийн ар гэрээс нэхэмжлэл гаргасан гомдол санал ирүүлээгүй гэж яриад байна. Хүний эрүүл мэнд, амь нас тийм үнэ цэнэгүй зүйл биш баймаар. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Үймээнд оролцож хохирсон иргэдэд их мөнгө өгөөд сургачихвал дараачийнх нь бүр их мөнгө нэхнэ” гэж хэлсэн. Дахиад үймээн дэгдээх гээд байгаа юм уу. Тэр хүн хүний амийг юман чинээ бодохгүй байна. Л.Гүндалай, Д.Загджав гишүүн хоёрыг чуулганы хуралдаан дээр шархтсан хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн олговор өг гэж хэлэхэд нь баярлаж байсан. Гэтэл тэр нь дэмжигдсэнгүй. Одоо өгч байгаа бичигнийхээ хариуг автал, тавьж байгаа шаардлагаа биелүүлтэл бид өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ. Иргэд рүү буудсан цагдаа нарыг Өршөөлийн хуульд албан үүргээ гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр хамруулж байгаа. Үүнийг эсэргүүцэж байна.
-Та бүхэн өлсгөлөн зарлаад хэр удаж байгаа вэ.Эмчийн хяналтад орсон уу?
-Одоо 24 цаг болж байна. Маргааш 48 цаг болсны дараа эмч ирж эрүүл мэндийн байдлыг нь үзнэ гэсэн.
-Танай хүү Энхтөрийн биеийн байдал одоо ямар байна. Хичнээн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн?
-Хүүгийн маань бие тийм ч сайнгүй байгаа. Хөл дээрээ босч арай л чадахгүй байна. Баруун хөлийнхөө дунд чөмөг рүү буудуулж хүнд шархтсан шүү дээ. Эмчилгээнд нийт долоон сая гаруй төгрөг зарлаа. Би ажлынхаа газраас цалингийн зээл авч эмчилгээг нь хийлгэж байна. Сар болоод л Гэмтэл согогийн үндэсний төвд 10 хоног хэвтэж эмчлүүлдэг юм. Дунд чөмөгнөөс нь таван сантиметр орчим алга болсон. Энэ хэсгийг нь шилбэнээс нь авч нөхөх мэс заслын аравдугаар сард хийлгэнэ. Тиймээс бид шархтаж хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн насан туршид хэрэглэх мөнгийг нь төр даах ёстой. Бид насан туршид хэрэглэх мөнгийг нь төрөөс нэхэж байна. Хэмээв. Гурав дахь майханд суулт хийж буй Г.Ариунбаатартай уулзлаа.
-Та шархтсан гэсэн. Энд суулт хийж болж байгаа юм уу?
-Би одоо 28 настай. Үймээн гардаг өдөр Гадаад харилцааны яамны хажуугаар явж байгаад бууны суманд өртсөн. Ар нуруунаасаа буудуулж хүйсний нүхээр сум нь гарсан. Байнгын эмчилгээтэй байгаа. Эмчилгээнд хамаг мөнгөө л зарцуулж байна. Зургаан сая гаруй төгрөгөөр эмчлүүлсэн. Ямартай ч хохирсон төлбөрөө төрөөс авмаар байна.

No comments: