Monday, August 03, 2009

''Нөхөн олговор''-оор хэдий болтол хуурах вэ?

Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдөр олон хүнийг хомроглон баривчилж, ид хийж бүтээх насан дээрээ явсан таван залууг аав, ээж, хань ижил, үр хүүхдээс нь салган одсон. Тэр өдрөөс хойш жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Тэднээс гадна гэмтэж, бэртсэн цагдаагийн ажилтнууд, жирийн иргэд нэлээд бий.
Буудуулж шархадсан, амиа алдсан хүмүүсийн ар гэр жирийн иргэдийнхээ өөдөөс буу шагайсны учрыг олж өгөх, буудах тушаал өгсөн хүнийг илчлэхийг төр засаг, цагдаагийн байгууллагаас одоог болтол нэхсээр буй билээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулан ажлаа шүүхийн үйл ажиллагаатай танилцсанаар эхлүүлж, шударга ажиллахыг сануулсан. Удалгүй Өршөөлийн хууль санаачлан өргөн барьсан билээ. Энэ хуулиар дээрх хэрэгт холбогдон баривчлагдсан хүмүүс суллагдах нь хэмээн ар гэрийнхэн нь баярлаж байсан. Хэдийгээр энэ хэрэгт холбогдсон ихэнх хүн суллагдсан ч цөөн хэд нь үлджээ. Энэ хуульд албан тушаалаа ашиглан ард түмнийхээ эсрэг галт зэвсэг хэрэглэж, хүний амь бүрэлгэсэн цагдаагийн албан тушаалтнууд Өршөөлийн хуульд хамрагдан ажил үүргээ гүйцэтгэж байна гэж үзэн шархадсан хүмүүсийн ар гэрийнхэн Засгийн газрын ордны зүүн талд нойтон өлсгөлөн зарлаад байсныг цагдаагийнхан хүчээр тараасан. Тэднийг "Дэлхийн дарга" Бан Ги Мүнд улсаа асуудалгүй болгож харуулах гэхдээ цагдаагийн хяналт дор эмнэлэгт хорьсныг эх сурвалж өгүүлж байсан билээ. Үүнд бухимдсан хохирогчид дараагийн алхмаа хийж, гурван хүн лхагва гаригт хуурай өлсгөлөн зарлажээ. Тэдэнтэй зарим гишүүд санал нэг байгаа юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний "Дарлагдсан нь биш даварсан нь гараад явчихсанд харамсаж байна" гэж хэлснийг санаж байна. Үр хүүхдээ алдсан эдгээр хүний асуултад хэзээ хариулт өгөхийг ард түмэн хүлээсээр л. 1989 оны зургадугаар сарын 3-ны шөнө Тянь Ань Мин талбайд Хятадын хамгийн харанхуй нууцлаг хэрэг болжээ. Тус талбайд тэр өдөр Бээжингийн оюутан залуус засгийн газартаа ардчиллыг хөгжүүлэхийг шаардан тайван жагсаал хийсэн нь 40 гаруй жил тус улсыг удирдан жолоодсон Коммунист намын хувьд хүнд цохилт болжээ. Тэр шөнө ард иргэдээ гэртээ байхыг сануулсан боловч тэдгээр залуус жагссаар байсан учир хомроглон устгасан гэдэг. Хятадын засгийн газар энэ талаар тайлбарлахдаа "Хувьсгалын эсэргүү, гэмт хэрэгтэн, тэрс үзэлт босогчдыг нухчин дарахын тулд зэвсэг хэрэглэсэн" гэжээ. Харин манай Засгийн газар долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой ямар нэг тайлбар хийхгүй өнөөг хүрлээ. Өнгөрсөн сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол улсын Их хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2008 оны долдугаар сарын 5-ны өдрийн 17/18 дугаар зөвлөмжийг үндэслэн 2009 оны долдугаар сарын 24-ний өдөр 126 тоот захирамж гаргаж, 2008 оны долдугаар сарын 1 -ний өдрийн онц байдал тогтооход хүргэсэн нийтийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг хэтэрхий орой байгуулж байгаагаас Монголын төр ард иргэдээ хэрхэн үнэлдэг нь харагдаж байна уу гэлтэй.

Нэг шил виски авсан хүнийг олоод хорьчихдог хэрнээ хүн буудсан, тушаал өгөнийг нь одоо хүртэл олоогүй байгаа нь хачирхалтай. 1973 оны хэлмэгдүүлэлтийн дараа цагаатгаж байгаа нь энэ гэж ар гэрт нь нэг сая төгрөг өгч байсан. Цагаатгах ажиллагаа одоо болтол бүрэн дуусаагүй. Долоон сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрт хэдэн төгрөг өгөх талаар гишүүд санал зөрөлдсөөр байгаа. Хүнээ буудчихаад дараа нь нөхөн олговор хэмээн хэдэн төгрөгөөр хуурах явдал хэдий болтол үргэлжлэх бол оо.

Д.ГЭРЭЛХҮҮ Дугаар 86/086/

No comments: