Thursday, November 05, 2009

Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийнханыг эрх мэдлээ урвуулсан гэсэн зүйл ангиар шийтгэх бололтой

 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр гарсан үймээнтэй холбоотойгоор буюу дөрвөн иргэн буудуулж амь насаа алдсан хэрэгт холбогдоод буй ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын 10 албан хаагч хэрэгтэйгээ танилцаж дуусчээ. Тэд энэ оны хоёрдугаар сарын 11-нээс эхлэн хэрэгтэйгээ танилцаж эхэлсэн юм.
Хавтаст хэрэгт цагдаагийнхан буудсан болохыг нотолсон хангалттай нотлох баримт байгааг хохирогчдын ар гэрийнхэн болон зарим нэг эх сурвалж ярьж байгаа. Харин үймээний үеэр амь насаа алдсан талийгаачдыг цагдаагийн хэн гэдэг ажилтан буудав гэдгийг нарийн тогтоох боломж байхгүй байгаа гэдэг. Галт зэвсгийн тухай хуулинд цагдаагийн ажилтан гарцаагүй нөхцөл байдал үүссэн үед галт зэвсэг хэрэглэх эрх нь хуулиараа олгогдсон байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сум тараасан нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдсоныг олон эх сурвалж хэллээ. Гэхдээ хэн нь хэн гэдэг иргэнийг буудав гэдгийг тогтоох боломж байхгүй тул хүний амь нас хохироосон зүйл ангиар бус эрх мэдлээ урвуулсан гэсэн зүйл ангиар цагдаагийнхныг шийтгэх гэнэ.
Эргэн сануулахад, үймээний үеэр амь насаа алдсан талийгаачдын ар гэрийнхэн болон буудуулж хүнд гэмтэл авсан иргэд энэ оны наймдугаар сараас хэргээ уншиж эхэлсэн ч хууль эрх зүйн талаар мэдлэг дутмаг тул өмгөөлөгчөө байлцуулан 25 хавтаст хэргийг уншиж байгаа учир багагүй хугацаа орж байгааг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан хэлж байна. Олны анхаарал татаад байгаа энэ хэрэг манай улсад хамгийн урт хугацаанд уншигдаж байгаа хэргийн тоог тэргүүлж байгаа гэнэ.

No comments: