Friday, March 05, 2010

Цагдаа буудсан нь тогтоогдлоо.

Цагдаа буудсан нь тогтоогдлоо. Гэхдээ хууль биелүүлсэн

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн иргэний амь насанд халдсан гэх цагдаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Улсын Ерөнхий Прокурорын газраас дараах тайлбарыг ирүүлжээ. Тайлбарыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
2008 оны долдугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Улаанбаатар хотод нийтийг хамарсан эмх замбараагүй үймээнийг зогсоох үед галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь нас хохироосон, гэмтэл учруулсан хэрэгт Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг мөрдөн байцаалт явуулж дараахь дүгнэлтүүдийг хийсэн. Тухайлбал,

-Хэргийн газрын үзлэг болон мөрдөн байцаалтад хураагдсан хонгио, сумны хошуу нь ЦЕГ-ын харъяа Эргүүл хамгаалалтын газрын эзэмшлийн буу болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн 1000 орчим хүний 100 гаруй нь цагдаагийн байгууллага гэрэлт хошуутай сум хэрэглэсэн тухай гэрчилсэн  юм.

-Нэр бүхий дөрвөн хүн үймээн дэгдсэн шөнө 01:35-02.00 цагийн хооронд буудуулж нас барсан.

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үймээнийг зогсоох ажиллагааг зохион байгуулахыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод даалгасан байна. Ингэхдээ галт зэвсэг хэрэглэхгүй байх талаар үүрэг өгчээ. Үүргийн дагуу Ч.Амарболд нь НЦГ-ын дарга, хурандаа О.Зоригтод утсаар мэдэгдэж, байлдааны галт зэвсэг хэрэглэхгүй байх үүргийг дамжуулсан. Генералаас ирүүлсэн үүрэг ёсоор О.Зоригт нь үймээнийг зогсоох ажиллагааг хэрэгжүүлэхийг газар, хэлтсийн дарга нарт үүрэгдсэн байдаг. Харин Эргүүл хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Батсүхийн үүргийн дагуу АКМ маркийн бууг Эргүүл хамгаалалтын газрын зургадугаар тусгай тасгийн ажилтнуудад тараасан байна.

-УБИС-ийн баруун тал, нэгдүгээр эмнэлгийн хойд тал, Гадаад харилцааны яамны хойд уулзвар зэрэг маршрутаар үймээнийг зогсоох, үймээнд оролцогч нарыг баривчлах ажиллагааг явуулсан. Энэ үед цагдаа нар "Авеко" автомашины цонхоор болон автомашинаар халхавчлан гэрэлт сумаар буудсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

-Үймээнийг тараах ажиллагааны үед буюу хүн буудуулсан цаг хугацаанд ТЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын ажилтнууд тараах ажиллагаанд оролцоогүй болох нь тогтоогдсон байна.

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн уг хэргийг хянаж үзээд галт зэвсэг хэрэглэж, хүний амь нас хөнөөсөн цагдаагийн ажилтнуудыг дараах хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэв. Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед галт зэвсэг хэрэглэхийг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40.1.1-д заасан "Цагдаагийн албан хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон". Мөн хуулийн 46.3-д заасан "Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу бүлэглэж довтолсон үед оролцсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн" заалтын дагуу хэрэглэжээ. Нийгмийн хэв журмыг хамгаалах явцдаа хэн нэгнийг санаатай алах зорилгогүйгээр бусдын амь насыг хохироосон тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэгт заасныг "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байжээ" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, хошууч генерал Ч.Амарболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272.2-т заасан "хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүнд хор уршиг учирсан", НЦГ-ын даргаар ажиллаж байсан, хурандаа О.Зоригт, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ш.Батсүх нар нь мөн хуулийн 263.2-т заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан" гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Дээрх гэмт хэрэг нь Монгол улсын Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгааг үндэслэн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн долдугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Мэдээллийн эх сурвалж : Зууны мэдээ

No comments: