Monday, December 29, 2008

191 хүнд холбогдох 38 төрлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхлэв


Долдугаар сарын 1-ний үймээнд оролцож бусдын эд хөрөнгийг тонон дээрэмдсэн, эвдэн сүйтгэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс хоригдох ял аваад байгаа 191 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд эхэллээ. Өнөөдрийн байдлаар 40 хүнд холбогдох 25 хэргийг шүүн хэлэлцжээ. Yймээний үеэр бусдын эд хөрөнгийг шатаасан, хулгайнх болохыг мэдсэн атлаа авсан зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхээс 4-6 жил хорих ял сонссон дөрвөн эмэгтэйд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянажээ. Yүнээс анхан шатны шүүхээс зургаан сар баривчлах ял сонссон Тогтохбаярын ялыг тэнсэн харгалзах болгон хөнгөлж, саатуулагдсан хоногийг тооцон суллах шийдвэр гаргажээ. Харин Энхцэцэг, Болормаа, Бадамханд нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.
Мөн насанд хүрсэн 10 эрэгтэйд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан Т.Батсүх, Э.Дамдин, А.Мөнхдөл, Д.Мөнх-Өлзий, Б.Уугандаваа, Х.Оюунбаатар, О.Ганбаатар, Б.Уламбаяр нарын ялыг дөрвөн сараас 6,4 жилээр хөнгөлжээ. Харин үйлдсэн гэх хэрэг нь хангалттай баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр Эрдэнэбилэгт оноосон хорих ялыг хэрэгсэхгүй болгож, М.Ган-Эрдэнэд оноосон ялыг тэнсэн болгон хөнгөлсөн байна.
Хүүхдүүдийн ялыг хөнгөллөө
Нийслэлийн давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй 18 хүнд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хянажээ. Тэдэнд анхан шатны шүүхээс 3-7 жил хүртэлх хорих ял оноогоод байсан юм. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзээд Х.Мөнгөнхүү, Ч.Чинбаяр, Б.Мөнгөнхуяг, П.Цасанхүү, М.Төмөртулга, Д.Болдбаяр, С.Баянмөнх, Ш.Төмөрхуяг, Н.Алтанчөдөр, Х.Бат-эрдэнэ, Э.Заяа нарын 11 хүүхдэд оноосон 3-7 жилийн хорих ялыг гурван сараас 2,6 жилээр хассан байна. Мөн анхан шатны шүүхээс насанд хүрээгүй Санжаа, Ариунбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээжээ. Харин Мөнгөн, Шинэбаяр, Галданбат, Евгений, Чандманьбаатар нарт анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Анхан шатны шүүхээс хорих ял сонссон хүүхдүүдийн эцэг, эх шүүхийн шийдвэрийг хууль бус боллоо хэмээн дүгнэсэн. Тиймдээ ч өршөөлийн хууль баталж хорих ял сонсоод байгаа хүмүүсийг даруй суллахыг шаардаад багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлага өршөөлийн хууль батлахыг шаардах нь шудрага бус үйлдэл хэмээн үзэж байна. Түүнчлэн өөрсдийнх нь үйлдсэн хэрэг дүрс бичлэг болон өөр бусад баримтаар хангалттай нотлогдсон хүмүүст шүүх зохих шийтгэлийг нь оноож байна. Харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэмгүй иргэдийг шүүх суллаж байгаа нь хүмүүсийг олноор нь хоморголон “ялтан” болгох зорилгогүйн нотолгоо гэлээ. Yнэхээр ч шүүх үймээнд оролцсон гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс хорих ял сонсоод байсан 13 хүний ялыг хөнгөлж, тавынх нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэхдээ энэ нь зөвхөн 40 гаруй хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дүн. Шинэ он гараад үлдсэн хүмүүст холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан үзнэ.
Мэдээллийн эх сурвалж:

No comments: