Monday, December 29, 2008

Дугана Хад 2008.12.26-27

Хуучнаар ТЭХС-ийн ажилчдын хүүхдийн "Пионерийн зуслан"-аас "Дугана хад"-ны эсрэг байрлах амралтанд шинэ жилээ тэмдэглэв. Амралт нь Улаанбаатараас 108 км, Дархан хотоос 120 км зайд орших бөгөөд төв засмал замын 100км-ийн багана өнгөрөнгүүт салж 8 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Тус амралт нь Төв аймгийн Борнуур сумын Бугын нурууны үргэлжлэл Эрдэнэ уулын өвөрт далайн түвшинээс дээш 1293 метрт өргөгдсөн, +48° 28' 52.80", +106° 4' 4.74" байрлалтай, 90 орчим градус босоо 30-90 метр өндөр эгц, цавчим тогтоцтой “Дугана Хад”-ны баруун талд байрлах тул ийнхүү нэрлэгдсэн байна. Амралт нь орчин тойрондоо Эрдэнэ уулын сэрүүн булаг, арын агуй, далийн рашаан, их бага Дугана хад, сүрлэг ногоон уулсаар хүрээлэгдэх бөгөөд мал сүрэг эрх зоргоороо налайн харагдах нь хэн хүний сэтгэлийг татаж, Монгол орны байгалийн сайхныг илтгэдэг гэнэ ээ. “Дугана Хад”-ны амралтын орчны уул хөндийгөөр буга, согоо, гөрөөс, үнэг хэрэм, гахай зэрэг зэрлэг ан амьтан, тас, бүргэд, хөхөө, галуу, нугас, ангир, ятга, шаазгай зэрэг жигүүртэн шувууд олонтой. Нарс, хус голлосон ой, сүрлэг уулс, өвс ургамал жигдэрсэн энэ нутагт монос, даль, мойл, аньс, гүзээлзгэнэ зэрэг жимс, нохойн хошуу, гоньд, хөх шар дэгд, согоо суман, таван салаа зэрэг эмийн ургамал арвинтай гэнэ. Манайхнаас Баянбулаг, Базараа бид 3 л Дугана хаданд авирав аа. Өндөр дээрээс алсын бараа харах шиг сайхан юм гэж юу байх вэ дээ. Зүүн талд "Ёл хад"-ны амралтын газар тээр доор чүдэнзний хайрцаг шиг жижигхэн байшингууд цонх нь наранд гялбаж харагдана. Зүүн урд руу "Ёл хад" тэнгэрлүү тэмүүлэн хушуурч харагдан орой хэсгээр нь үүл нүүх нь үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Урагшаа хөндийн адаг нь харагдахгүй зэрэглээтэн баруун урд руу модот уул дүнхийнэ. Баруун талд "Дугана хад" амралтын газрын мөн л чүдэнзний хайрцган байшингуудын ногоон төмөр дээвэр нар ойлгон гялалзана.


No comments: