Monday, December 29, 2008

Дугана Хад 2008.12.26-27

Хуучнаар ТЭХС-ийн ажилчдын хүүхдийн "Пионерийн зуслан"-аас "Дугана хад"-ны эсрэг байрлах амралтанд шинэ жилээ тэмдэглэв. Амралт нь Улаанбаатараас 108 км, Дархан хотоос 120 км зайд орших бөгөөд төв засмал замын 100км-ийн багана өнгөрөнгүүт салж 8 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Тус амралт нь Төв аймгийн Борнуур сумын Бугын нурууны үргэлжлэл Эрдэнэ уулын өвөрт далайн түвшинээс дээш 1293 метрт өргөгдсөн, +48° 28' 52.80", +106° 4' 4.74" байрлалтай, 90 орчим градус босоо 30-90 метр өндөр эгц, цавчим тогтоцтой “Дугана Хад”-ны баруун талд байрлах тул ийнхүү нэрлэгдсэн байна. Амралт нь орчин тойрондоо Эрдэнэ уулын сэрүүн булаг, арын агуй, далийн рашаан, их бага Дугана хад, сүрлэг ногоон уулсаар хүрээлэгдэх бөгөөд мал сүрэг эрх зоргоороо налайн харагдах нь хэн хүний сэтгэлийг татаж, Монгол орны байгалийн сайхныг илтгэдэг гэнэ ээ. “Дугана Хад”-ны амралтын орчны уул хөндийгөөр буга, согоо, гөрөөс, үнэг хэрэм, гахай зэрэг зэрлэг ан амьтан, тас, бүргэд, хөхөө, галуу, нугас, ангир, ятга, шаазгай зэрэг жигүүртэн шувууд олонтой. Нарс, хус голлосон ой, сүрлэг уулс, өвс ургамал жигдэрсэн энэ нутагт монос, даль, мойл, аньс, гүзээлзгэнэ зэрэг жимс, нохойн хошуу, гоньд, хөх шар дэгд, согоо суман, таван салаа зэрэг эмийн ургамал арвинтай гэнэ. Манайхнаас Баянбулаг, Базараа бид 3 л Дугана хаданд авирав аа. Өндөр дээрээс алсын бараа харах шиг сайхан юм гэж юу байх вэ дээ. Зүүн талд "Ёл хад"-ны амралтын газар тээр доор чүдэнзний хайрцаг шиг жижигхэн байшингууд цонх нь наранд гялбаж харагдана. Зүүн урд руу "Ёл хад" тэнгэрлүү тэмүүлэн хушуурч харагдан орой хэсгээр нь үүл нүүх нь үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Урагшаа хөндийн адаг нь харагдахгүй зэрэглээтэн баруун урд руу модот уул дүнхийнэ. Баруун талд "Дугана хад" амралтын газрын мөн л чүдэнзний хайрцган байшингуудын ногоон төмөр дээвэр нар ойлгон гялалзана.


191 хүнд холбогдох 38 төрлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхлэв


Долдугаар сарын 1-ний үймээнд оролцож бусдын эд хөрөнгийг тонон дээрэмдсэн, эвдэн сүйтгэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс хоригдох ял аваад байгаа 191 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд эхэллээ. Өнөөдрийн байдлаар 40 хүнд холбогдох 25 хэргийг шүүн хэлэлцжээ. Yймээний үеэр бусдын эд хөрөнгийг шатаасан, хулгайнх болохыг мэдсэн атлаа авсан зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхээс 4-6 жил хорих ял сонссон дөрвөн эмэгтэйд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянажээ. Yүнээс анхан шатны шүүхээс зургаан сар баривчлах ял сонссон Тогтохбаярын ялыг тэнсэн харгалзах болгон хөнгөлж, саатуулагдсан хоногийг тооцон суллах шийдвэр гаргажээ. Харин Энхцэцэг, Болормаа, Бадамханд нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.

Sunday, December 21, 2008

Мөрдөнгөөс бичсэн захидал

Улс орны минь битүүхэнд байрлах
Улаанбаатарын маань хойдхонд орших
Мөнхийн зовлонгийн үүр болсон
Мөрдөнгийн өрөөний зовлонг тоочьё
Шалнаас ялгаагүй модон наар
Шавхруунаас дээргүй шорон хоол
Гол нь түүхий хатсан талх
Гомдол мэдүүлсэн шаналсан сэтгэл
Дөрвөн талдаа манааны цамхагтай
Дөрвөлжин хашаандаа наралгааны талбартай
Хоригдолтойгоо адил шорон санаатай
Холхих ажилтай жижүүр хуягтай
Өвчин хамаардгүй хуурамч эмчтэй
Өвдөлт намдаадгүй ялзарсан эмтэй
Өөх нүнжиггүй усан хоолтой
Өлөн бар шиг хурц төлөөлөгчтэй
Цагаан бар гэж нэргүй цолтой
Цаанаа л сүржин шуурхай албатай
Цагийн хувиараа яс барьдаггүй
Царай муутай хоригдол цэвктэй
Өрөөний байгуулалт маш тэнэг
Өргөөшөө уртаашаа яг ижил
Өнжөөд л нэг нэгжлэг явна
Өрөөлийн өмчийг газраар цацна
Энд орсон л бол чи хүн биш
Эгцэлж хүнрүү хараад ч хэрэггүй
Эр хүний чансаа шалгасан
Эрүүгийн ертөнцийн эхний шат
Энд чи:
Явах эрхтэй ч гарах эрхгүй
Ярих эрхтэй ч хэрэлдэх эрхгүй
Идэх эрхтэй ч голох эрхгүй
Итгэх эрхтэй ч уулзах эрхгүй
Уйлах эрхтэй ч дуулах эрхгүй
Унтах эрхтэй ч унших эрхгүй
Өртэй хүн өр нэхэхгүй
Өштэй хүн өрсөөд алчихгүй
Бэлэн хоотой бие хамгаалагчтай
Бэрх газрын давуу тал нь
Буутай харуулд нүд цавчилгүй харуулна
Бурханы аварлаар хоёр эргэлт авна
Мэдээллийн эх сурвалж:
(7-p сарын 1-ний үймээнийхэнд зориулав ) Зовлон үзсэн тэнгэрлэг хөвгүүдэд зориулав.