Wednesday, May 01, 2002

Универсаль тамирчин Чогсомын ОЮУНЦЭЦЭГ

Тодруулга
Чогсомын Оюунцэцэг 1940 онд Улаанбаатарт төрсөн. I дунд сургууль, АУДС төгссөн. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, нийслэлийн цацраг туяа эмнэлэг, мэргэжлийн өвчний улсын диспансер зэрэгт их эмчээр ажилласан. 1957 онд БНМАУ-ын спортын мастер болсон. Энэ нь гимнастикч Сэрээтэрийн дараа спортын мастерын зэрэг биелүүлсэн хоёр дахь эмэгтэй болжээ.
Би Монголын спортын тавцанд гялалзаж байсан нэгэн одны тухай өгүүлэх гэж байна. "Олон одны дундаас онцгой нэгэн од бий" гэж манай нэгэн нэрт зохиолч бичсэн шиг санагдана. Гэхдээ би нэгэнт харвачихсан одны талаар өгүүлэх гэж байгаа нь даанч харамсалтай,. Намайг бага дунд сургуульд сурч байхад "Агваандугар гэдэг гайхамшигт тамирчин бий юм гэнэ шүү дээ" гэж ярилцдагсан. Тэр нь тэшүүр, ойрын гүйлт, волейбол, урт, өндрийн харайлт, дугуй, цанын төрлөөр улсын дээд амжилт тогтоосон гэсэн үг байжээ. Гэвч би энэ их тамирчны талаар биш түүнтэй эн тэнцэхүйц универсиаль тамирчин, тэгэхдээ бүр эмэгтэй тамирчны талаар товчхон бичихийг зорилоо.
Миний өгүүлэх зүйлийн гол эзэн нь Чогсомын Оюунцэцэг агсан юм. Оюунцэцэг багадаа Нина гэдэг нэртэй байлаа. Тиймч учраас миний үеийнхэн хөнгөн атлетикийн Нина, волейболын Оюунцэцэг гэвэл бүр ч сайн танина.