Wednesday, May 01, 2002

Универсаль тамирчин Чогсомын ОЮУНЦЭЦЭГ

Тодруулга
Чогсомын Оюунцэцэг 1940 онд Улаанбаатарт төрсөн. I дунд сургууль, АУДС төгссөн. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, нийслэлийн цацраг туяа эмнэлэг, мэргэжлийн өвчний улсын диспансер зэрэгт их эмчээр ажилласан. 1957 онд БНМАУ-ын спортын мастер болсон. Энэ нь гимнастикч Сэрээтэрийн дараа спортын мастерын зэрэг биелүүлсэн хоёр дахь эмэгтэй болжээ.
Би Монголын спортын тавцанд гялалзаж байсан нэгэн одны тухай өгүүлэх гэж байна. "Олон одны дундаас онцгой нэгэн од бий" гэж манай нэгэн нэрт зохиолч бичсэн шиг санагдана. Гэхдээ би нэгэнт харвачихсан одны талаар өгүүлэх гэж байгаа нь даанч харамсалтай,. Намайг бага дунд сургуульд сурч байхад "Агваандугар гэдэг гайхамшигт тамирчин бий юм гэнэ шүү дээ" гэж ярилцдагсан. Тэр нь тэшүүр, ойрын гүйлт, волейбол, урт, өндрийн харайлт, дугуй, цанын төрлөөр улсын дээд амжилт тогтоосон гэсэн үг байжээ. Гэвч би энэ их тамирчны талаар биш түүнтэй эн тэнцэхүйц универсиаль тамирчин, тэгэхдээ бүр эмэгтэй тамирчны талаар товчхон бичихийг зорилоо.
Миний өгүүлэх зүйлийн гол эзэн нь Чогсомын Оюунцэцэг агсан юм. Оюунцэцэг багадаа Нина гэдэг нэртэй байлаа. Тиймч учраас миний үеийнхэн хөнгөн атлетикийн Нина, волейболын Оюунцэцэг гэвэл бүр ч сайн танина.
Спортын тавцанд бараг 30# жил ээлж халаагүй тэмцэлдсэн хүн гэвэл даруй Оюунцэцэг мөн гэж баттайяа хэлж болох болов уу. Оюунцэцэг 1952 оноос хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож эхэлсэн гэж үеийн нөхөд нь ярьж байна. Лав л миний мэдэхээс 1953 оны хаврын нэгтэмцээнээр уртын харайлтад түрүүлж, МХЗЭ-ийн шагнал авч байж билээ. Түүнээс хойш олон арван жилийн турш    хөнгөн атлетикийн бараг бүх төрөл, уртын ба өндрийн харайлт, ойрын ба дунд зайн гүйлт, бөөрөнцөг, зээрэнцэг, гурван төрөлт, байт сур, тэшүүр, волейбол, гимнастикаар хот, улс, олон улсын тэмцээнд тасралтгүй оролцохдоо эхний гурван байрын аль нэгэнд заавал шалгарч байсан билээ. Спортын ийм олон төрлөөр хичээллэж тухай бүрдээ амжилт үзүүлж байсан тамирчин эмэгтэйчүүд дотор байтугай эрэгтэйчүүд дотор маань байна уу, үгүй юу?
1953 онд арван гуравхан настай байсан Оюунцэцэг нийслэл хотноо зохиогдсон хөнгөн атлетикийн бүх тэмцээнд оролцож, нэг хоёрдугаар байрыг тогтмол эзэлж эхэлсэн нь түүний их спортод орсон гарааны үе байжээ. 1953 оны намар юмсан. Хуучин Голын цэнгэлдэхэд болсон тэмцээнд "Соёл" нийгэмлэгийн Нина, "Алдар" нийгэмлэгийн Цэнд хоёр өндрийн харайлтад шалгарч үлдээд олон дахин харайсны эцэст Нина нь түрүүлж байсан нь нүднээ илхэн байна. Тэр цагаас хойш бид Нина (Оюунцэцэг)-ийн оролцсон мөн ч олон тэмцээнийг үзжээ.
Оюунцэцэгийн олон жилийн спортын амжилтыг одоо түүний гэрт байгаа 40 гаруй тооны үнэмлэх, диплом, сайшаал, талархал, жуух гэрчилнэ. Эдгээрийн дотор "БНМАУ-ын рекорд" цолны хоёр үнэмлэх байна. Тэр нь 1953 оны есдүгээр сарын 4- нд олгосон 39 тоот үнэмлэх, 1954 оны долдугаар сарын 14-нд Ардын хувьсгалын 33 жилийн ойн баярын тэмцээнд өндрийн харайлтад тогтоосон дээд амжилтын төлөө олгосон 4 тоот үнэмлэх юм. Алт, мөнгө, хүрэл медаль 30-аадын зэрэг байна. Монголын биеийн тамир спортын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв Зөвлөл, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо, Улаанбаатар хотын захиргаа, "Соёл", "Хоршоолол" нийгэмлэг, пионерийн байгууллага, их, дээд сургуулийн захиргаанаас олгосон үнэмлэх диплом сэлт нь манай нэгэн үеийн спортын түүхийг санагдуулам тэдгээрт байгаа гарын үсгүүд болно. Тэдгээрт Жигмэддорж, Дарьсүрэн, Дангаасүрэн, Лхагвасүрэн, Норолхоо, Магван, Дамбий, Цэрэндаш, Сандагдорж гээд л өдий төдий хүний гарын үсэг байгаа нь сонин санагдана. Мөн Засгийн газрын жуух, ойн медалиудаар шагнагджээ.
Оюунцэцэг зөвхөн 1953 онд хот, улсын чанартай тэмцээнд 8 удаа орсон, орох болгондоо эхний гурван байраас салаагүй нь харагдаж байна. 1954 онд тэмцээнд 9 удаа оролцохдоо Бүх ард түмний IX спартакиадын 400+300+200+100 метрийн буухиачилсан уралдаан (тэр үед ийм төрөл байсан), волейбол, урт, өндрийн харайлт, 4x100 метрийн уралдаан, спортын гурван төрөлтөд орж, тавд нь нэгдүгээр байр эзэлсэн үнэмлэхүүд нь байж байна. Тэр цагт шагнаж байсан эд материалын урамшуулал нь ч сонин ажээ. Жишээлбэл Оюунцэцэгийг 1953 онд гимнастикт амжилт гаргасны учир "Север" хэмээх радиогоор шагнав гэсэн байх жишээтэй. Баримт түшиглэж, зөвхөн нэгдүгээр байр эзэлснийг нь тоолбол 19 болж байна. Цагийн юм цагтаа гэгчээр тэр үед үзүүлж байсан хөнгөн атлетикийн төрлүүдийн амжилт өнөөгийн төвшинтэй харьцуулахад доогуур байсан нь хэнд ч ойлгомжтой. Харин Монголын спорт олон улсын тавцанд шинэ сэргэг гарч байсан үед болоод ч тэр үү, өөрийн оронд ч, гадаад оронд ч одоог бодвол тун олон тэмцээнд оролцдог байсныг бид бүхэн мэднэ.
Тамирчин Оюунцэцэг ч дунд, дээд сургуульд суралцахын зэрэгцээгээр 1954 оноос эхлэн гадаад оронд зохиогдсон тэмцээнүүдэд оролцож байжээ. 1955 оны зун Прага хотод болсон спартакиадад манай улсаас олон тамирчин уригдан очиж оролцож билээ. Арван таван настай Оюунцэцэг Монголын багийн бүрэлдэхүүнд явжээ. 1957 онд Москва хотноо болсон бүх дэлхийн залуучууд оюутны Ү1 их наадамд гүйлтийн төрөлд оролцохдоо 100 метрийн зайд 4-р байранд шалгарсан ба 60 метрийн гүйлтэд "өдрийн шилдэг амжилт үзүүлсний" диплом тус тус байна.
Мөн дараахан нь Ханой хотноо Азийн социалист орнуудын хөнгөн атлетикчдын тэмцээнээс хүрэл медаль авчээ.
"Оюунцэцэг 1969 оныг хүртэл волейболыг идэвхтэй тоглохдоо шигшээ багтаа талын довтлогч байсан юм. Оюунцэцэг бол туйлын шаргуу хичээллэдэг, тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө үнэнхүү чармайдаг, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг, тоглож байх үедээ үг дуугаа хураачихдаг, волейболчдын ярьдгаар "найдвартай тоглогч" байсан юм гэж түүнтэй олон жил нэг багт тоглож, ёстой л усаа ч хувааж, тосоо ч хувааж явсан волейболын спортын гавъяат мастер манай орны алдарт тамирчин Ц.Шоовдор ярьж байна.
Тамирчин бөгөөд эмч Оюунцэцэг их спортыг орхиж, мэргэжлийнхээ ажлыг дагнан хийх болсон нь бага залуудаа хэрэглэлийн гимнастикийн савлуураас Ьуухдаа дэвсгэрийн завсарт эвгүй гишгэснээс авсан бэртэлтэй нь холбоотой байсан ажээ. Хэдийгээр тэгж бэртээд гимнастикаа орхисон ббловч волейболын спорт руу эргэлт буцалтгүй орсон нь энэ хүний шаргуу тэвчээр, спортод бие сэтгэлээ үнэнхүү зориулсны гэрч бизээ.
Миний бие ноднинхон Оюунцэцэгтэй уулзаад: "Чи чинь яагаад ахмадуудын тэмцээнд орохгүй байгаа юм бэ?" гэж асуухад "Өнөө муу хөл болдоггүй ээ. Багын гэмтлээ засуулж хагалгаа хийлгэснээс хойш бүр ч горигүй болсон. Харин хойтонгоос тахир дутуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гэж бодож яваа шүү" гэж хэлж билээ. Ийнхүү Оюунцэцэгийн маань бодол шотланд найрагч Роберт Бернсийн шүлэглэсэнчлэн "Уг санаа нь оргилд ч өөрөө бэлд нь" байжээ гэмээр байна.
Эцэст хэлэхэд манай спортын тавцанд олон жил гялалзаж байсан энэ тамирчны алдар гавъяаг дурсан тэмдэглэж, нэрэмжит тэмцээнийг ямар нэгэн төвшинд зохион явуулах санаа Монголын волейболын холбоо юмуу холбогдох нийгэмлэгийн удирдлагад төрөх нь лавтай биз ээ.
Од харвавч гэрэл нь мөнх гэдэгсэн.
Спортыг бишрэн дээдлэгч Г.Амар







No comments: