Tuesday, July 15, 2008

Ж. Батзаяа: Намайг цагдаа нар буудсан

Долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр зарим ир­гэн буудуулж амиа алдсан талаар мэ­дээлсэн. Мөн дунд сургуу­лийн хоёр хүү буудуулж шархдаад байгаа юм. Тэд Гэмтэл согог, сэргээн засварлах нэгдсэн эмнэ­лэгт хэвтэн эмч­лүүлж байна. Үймээний үеэр шар­хадсан Ж.Бат­заяатай уулз­лаа. Тэрбээр одоо 16 настай аж. Энэ жил 11 дүгээр ангид орох юм байна.

-Жагсаал болж байгааг хаанаас мэдсэн юм бэ. Хэ­дэн цагт тэнд очсон юм?

-Би жагсаал болж байгааг мэ­дээгүй. Найзындаа очоод гэр рүүгээ авто­бу­санд суу­гаад явж байсан юм. Гэтэл олон хүн цуг­ларсан байсныг хараад со­нир­хоод найзтайгаа бууж очсон юм. Энэ үед 17.00 цаг өнгөрч байсан.

-Хэдэн цагийн үед буу­дуулсан бэ?

-Манай гэр Сансарт бай­даг. Гэр рүүгээ харихаар Дуурийн театрын тэр орчимд явж байсан. 23.00 цаг өнгөрч байсан байх. Гэтэл цагдаа нар өөдөөс гарч ирээд буудсан. Хам­гаалалтын хув­цастай, буу барьсан зургаа, долоон цагдаа байсан. Дараа нь тэд ирээд намайг барив­чилж авч явахыг оролдсон. Би тэднээс надад туслаач би буудуул­чихлаа, би ямарч буруугүй гэдгээ хэлж гуйсан. Гэтэл тойроод зогсож байсан цаг­даа нарын нэг нь "Хохь чинь, чи" гэж хэлээд толгой руу юмаар цохиж, зодож байгаад яваад өгсөн. Үүний дараа би ухаан алдсан юм. Гэтэл да­раа нь хэдэн ах ирээд энд буудуулсан хүүхэд байна гээд машинд суулгаад эмнэ­лэгт хүргэж өгсөн. Надтай цуг бас нэг буудуулсан хүүхэд тэр машинд сууж ирсэн. Цаг­даа нарт би үнэхээр гомдож байна. Хэлэх ч үг олдохгүй байна даа.

Хүүгийн маань хөлнөөс сум гарч ирсэн

Ж.Батзаяатай удаан ярилцаж болохгүй гэсэн юм. Цус их алдсан тул биеийнх нь байдал тун сул байгаа аж. Харин түүний ээж Д.Янжинсүрэнтэй уулз­лаа.

-Та хүүгээ шархадсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Маргааш нь мэдсэн. На­майг ирэхэд ухаангүй байсан. Одоо ч гэсэн бие нь тааруу­хан л байна. Хөл нь маш их бяц­ралттай. Одоо дотроо идээлж эхэлсэн гэсэн. Хам­гийн ноц­той нь артерын судас нь тасарсан байсан. Хэр­вээ хугацаа алдсан бол юу бо­лохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Одоо ч гэсэн биеийнх байдал муу байна. Байнга ёолж шаналж байгаа.

-Хөлөнд нь сум байсан гэсэн?

-Сум гуяных нь зузаан хэ­сэгт орсон байсан. Хүүгийн маань хөлнөөс шар өнгөтэй, до­лоон мм орчим сумны үл­дэг­дэл, бас бөөрөнхий хар дарь гарч ирсэн. Үүнийг цаг­даа нар шинжилнэ гээд аваад яв­сан. Манай хүү гэрээсээ ч гар­даггүй юм. Тэр шө­нө ми­ний муу совин татаад ун­­таж чадаагүй. Тэгээд үүрээр 05.00 цагт мэдээд эмнэ­лэгт ирсэн. Эм тарианы мөнгө дутагдалтай хэцүү байна. Би төр засагт үнэхээр гомдож бай­на. Эрүүл саруул зүгээр явж байсан хүүг минь ийм бол­чихоод байхад нэг ч удаа харж үзэхгүй байна. Цагдаа нар нэг л удаа ирээд бай­цаалт авчихаад л яваад өг­сөн. Одоо таг л байна. Шүүх эм­нэлгийн эмч нар ганц удаа ир­сэн. Би өрх толгойлсон та­ван хүүхэдтэй эмэгтэй. Хүүх­дүүдээ ганцаараа тэжээ­дэг. Гэ­тэл одоо ажлаа хийж ча­дах­гүй хүүгээ сахиад сууж байна даа.

Э.ЭнхтӨр: Аав маань хүний эрхийн байгууллагад өргөдөл гаргана гэсэн

Мөн үймээний үеэр буу­дуулж шархадсан Э. Энх­төртэй уулзлаа. Тэрбээр одоо 16 настай.

-Хаана явж байгаад буу­дуулсан юм бэ?

-Би гэр рүүгээ харихаар Багшийн дээдийн автобусны буудал руу явж байсан юм. Тэр үед 23.00 цаг өнгөрч байсан. Гэтэл нэг мэ­дэхэд хөл гишгэж болохгүй бол­сон. Ойр хавьд олон хүн бай­сан. Хүмүүс буудуул­чих­лаа гээд л шуугилдсан. Тэ­гээд байж байтал хэдэн ах нар ирээд машинд суулгаад эм­нэлэгт хүргэж өгсөн. Хаа­наас ямар хүн буудсан та­лаар би мэдэж чадаагүй. Нэг мэд­сэн л хөл гишгэж болохгүй болчихсон.

-Ямар гэмтэл авсан бэ?

-Гуя руу нэвт буудсан. Бяцралт ихтэй гэж эмч нар хэлж байгаа. Хэд хоног ха­луурсан. Одоо эмч нар үзээд хөлнөөс яс гаргаж ирээд л байгаа. Бяцарсан яс нь гэж хэлсэн. Хэзээ зүгээр болохыг хэлээгүй. Хөлийг маань найд­вартай эдгэрнэ гэж ярихгүй л байна лээ.

-Эмчилгээний зардал хаанаас гаргаж байгаа вэ?

-Хувиасаа гаргаж байгаа. Аав, ээжид маань хэцүү л бай­гаа байх. Санаа нь зовоод л байна лээ. Намайг ээж сахиж байгаа. Аав Хүний эрхийн байгууллагад өргөдөл гаргана гэж байсан.

Ц. Хишигт

No comments: