Thursday, February 12, 2009

Чингисийн цогцолборын гипсэн хана доош суугаад эхэлсэн гэж ордон даяар шуугих болов

Чингисийн цогцолборын гипсэн хана доош суугаад эхэлсэн гэж ордон даяар шуугих болов
Төмөр хашлагаар хүрээлүүлж түмнээс тусгаарлагдсан Төрийн ордныг гаднаас нь харвал энэхүү нүсэр барилга тун суурь сайтай, бат бөх эд шиг санагдана. Хуучны зэгэл саарал өнгөө халж сэтгэлд өег өрмөн шаргал “дээл”-тэй болсон энэ байшин харин гадна дотроосоо усанд автан хэврэгшсээр буйг анзаардаг нь цөөн. Төрийн ордны баруун жигүүр доогуур бүхэл бүтэн гол булшлагдчихаад байгаа гэж хэн хүний санаанд буухгүй биз ээ. Нийслэлийн төвөөр урсч байсан гол яагаад Төрийн ордон дор дарагдсан талаар түүх сөхөж үзье.
Төрийн ордны барилгын ажлыг 1947 онд эхлүүлж, 1951 онд буюу тухайн үеийн төрийн тэргүүн маршал Х.Чойбалсанг насан өөд болохоос хэдхэн сарын өмнө 1951 онд ашиглалтад оруулжээ. Барилгын ажилд Халх голын дайны үед олзлогдсон япончууд гар бие оролцсон түүхтэй. Одоогийн Боловсролын их сургуулийн төв байранд байрлаж байсан төр, засгийн удирдлага Төрийн ордонд нүүн төвхнөснөөс хойш 57 жил өнгөрчээ. Тэр үед Сэлбийн гол хоёр салаалан урсч байсан гэдэг. Өтгөс буурлууд өдгөө ч Сэлбийн голыг зүүн Сэлбэ хэмээн нэрлэдэг нь тийм учиртай аж. Ил харагдах мөргүй болсон Сэлбийн баруун салаа одоогийн Урт цагааны орчмоор урсдаг байжээ. 1950-иад онд социалист бүтээн байгуулалт өрнөж нийслэлийн төв хэсэгт барилга байгууламж барихдаа баруун Сэлбийг дараад булчихаж. Бас орос ах нар хиймэл нуур тогтоохоор эхийг нь таслан боосон нь гавьтай юм бололгүй хаягдаад одоогийн Ногоон нуур болж хавь ойроо намагт автуулж, өмхийрсөн цөөрөм болон хоцорчээ.
Газартай тэгшлүүлж, дээрээ барилга байшин бариулсан ч баруун Сэлбэ алга болсонгүй, түүний ус хөрсөн доогуур нэвчиж нүүсээр Төрийн ордны баруун жигүүр дор “нойрсчээ”. Гэвч их ус ширгэсэнгүй. Хаврын хаварт байгалийн жамаараа сэрдэг юм. Баруун Сэлбийг амилах цагаар Төрийн ордны баруун жигүүрийн цахилгаан шатны техник хэрэгсэлд богино холболт үүсч жагсаалаас гарах нь ердийн үзэгдэл. Төрийн шаргал ордонд Чехээс авчирч угсарсан 1000 кг-ын даацтай гурав, 500 кг-ын даацтай нэг цахилгаан шат ажилладгаас яргуй нүдлэх цагаар ёс юм шиг нэг нь чийгтэн “хөл хоригддог” болсоор цөөнгүй жилийг үдэв. Энэ үеэр баруун жигүүрт төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг УИХ-ын эрхэм гишүүд, Тамгын газрын албан хаагчид явган шатаар өгсч уруудан эрүүл мэндээ сайжруулдаг авай.
Баруун Сэлбэ ордны барилгын төв хэсэг болох УИХ-ын чуулганы танхимд ч суулт үүсгэж дөнгөсөн байна. Хэдэн жилийн өмнө Дэд бүтцийн хяналтын албанаас шалгалт хийж үзээд чуулганы танхим хүний эрүүл мэндэд тохиромжгүй, сууж нурах аюултай гэсэн дүгнэлт гаргаж байв. Түүнээс хойш чуулганы танхимд их засвар оруулан, 2006 оны намар ашиглалтад оруулсан билээ. Гэвч аюул үүгээр өнгөрсөнгүй. С.Төмөр-Очир УИХ-ын дарга байхдаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож “Ж.Бямбадорж дарга бид хоёрын суудаг хэсгийн тааз “но”-той болж байгаа” гэж байв. Түүнээс хойш хоёр ч парламент бүрэн эрхээ өндөрлүүлж, дахин нэг нь үйл ажиллагаагаа эхлүүлэн анхны чуулганаа завсарлуулаад байна. Өнгөрсөн хугацаанд Төрийн ордны тэр хэсэгт засвар оруулаагүй тул УИХ-ын даргын албан өрөө, Засгийн газрын хуралдааны танхим байрладаг баруун жигүүрийн урд хэсэг аюултай бүсд тооцогдохоор болжээ.
Зүүн жигүүр ч ялгаагүй. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед түүний албан өрөөний том гэрэл ан цав үүссэн таазнаас салан нүсэр бүрхүүлтэйгээ бичгийн ширээн дээр нь унаж байсан юм. Ажлын цаг дуусч Ерөнхийлөгч эзгүй байсан тулдаа л Төрийн тэргүүн мэнд үлдсэн.
За энэ ч яах вэ, 60 шахам жил болсон “өвгөн” барилга гэж бодоход ашиглалтад гүйцэд орж амжаагүй байгаа урт настай Чингисийн цогцолбор усанд авахуулж, доош суугаад эхэлсэн гэж ордон даяар шуугих болов. Тэнд одоогоор Төрийн есөн хөлт их цагаан тугаа шилжүүлж, Монголын төрийг даадаг хэмээх Очирваань бурхны зээгт наамал дүрийг залаад буй. Бас төр, засгийн архивыг оруулж, үзэсгэлэнгийн дэлгэмэл танхим байгуулан олон нийтийн чөлөөтэй орж гарч сонирхдог бүс болгохоор төлөвлөөд байгаа. Гэтэл олонд үүдээ нээж амжаагүй цогцолборын доод хэсгээс ус гарч, гипсэн хана нь суугаад эхэлсэн гэнэ. Өмнөх зууны дундуур баруун Сэлбийг дарж, байгалийг ялан дийллээ гэж дүвчигнэж байсны гай энэ. Ядахдаа УИХ-ын гишүүн Д.Арвины эзэмшилд байсан “Их өргөө” компанийнхан яс муутай материалаар цогцолборыг барьсны “но” илэрч, хана туурга нь суух болсныг архивын ажилтнууд хэлцгээх болжээ. Гадна хэсэг нь л гэхэд дөнгөж барьж дууссаны дараа хэлтэрч нурж эхэлснийг тухайн үед хэвлэлүүд зураг сэлттэй нь нийтэлж байсан билээ. Их Монгол Улсын 800 жилийн ойгоор 2006 оны зун ашиглалтад оруулна гэж байсан Чингисийн цогцолбор 2009 он гараад байхад хаалгаа нээх бүү хэл усанд автаад зутруу л байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газрынхан тэнд байрлах ёстой байсан ч айгаад нүүж орох зүрхтэн олдохгүй байгаа бололтой.
Төрийн ордонд уг нь 1961, 1981 онд өргөтгөл, 1987 онд шинэтгэл хийжээ. Хүйтэн дайны үе болох 1981 оны өргөтгөлөөр ордны дор 150 хүний хоргодох байр байгуулсан гэдэг. Одоо тэр байрыг дайны зориулалтаар ашиглах хэрэг байхгүй тул хана, тааз нь сууж шавар шохой нь нурсан, өрөө тасалгаа нь усанд автсан эрхэм гишүүдийн толгой хоргодох газар болж магадгүй нь. Төрийн бэлгэдэл болж иргэдийнхээ сэтгэлд оршдог Төрийн ордныг дороос нь баруун Сэлбийн ус, дээрээс нь борооны дусаал идэж өдрөөс өдөрт хэврэгшсээр. Ядаж байхад шинэхэн барьсан Чингисийн цогцолбор муудаж эхэлдэг нь ч юу вэ.

No comments: