Thursday, July 02, 2009

Жилийн дараах 7 сарын 1

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн энэ өдрийг нүдэндээ нулимстай , сэтгэлдээ гунигтай өнгөрөөж байна. Тэднийг дэмжин зүрх сэтгэлээрээ нэг байгаа илэрхийлсэн иргэд ч Гандантэгчилэн хийдэд ном хуруулахаас эхлээд хамт байгаад ар гэрийнхэн нь талархаж байв. Энэ өдөр талийгаачдын ар гэрийнхний хамгийн их хүлээж байсан зүйл бол талийгаачдын дурсгалд зориулсан хөшөө босгох ажил байсан юм.
Өмнөх өдөр нь С.Ганбаатар агсны гэргий А.Оюунбилэг, Э.Доржсүрэн агсны аав Ц.Энхбаяр нар “Маргааш хөшөө босгох газрын зөвшөөрөл олгогдчих байх. Ядаж хөшөөгөө биш гэхэд шаваа тавина” хэмээн ярьж байсан ч энэ нь талаар болов. Энэ өдрийн арга хэмжээг МоАХ-ныхон хамтарч зохион байгуулж байгаа аж. Тэд ч мөн зөвшөөрөл олгох байх хэмээн хүлээж байсан ч ямар нэгэн хариу ирэхгүй байсаар өдрийн хугас өнгөрсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Нийслэлийн засаг даргын Тамгын газарт хөшөө байрлуулах газрын зөвшөөрөл олгох тухай хүсэлт явуулсан боловч хэн хариу өгөх нь тодорхой бус байсаар өнөөдрийг хүрч байгааг аргаа барсан иргэд хэлж байсан юм.
Талийгаач Э.Доржсүрэнгийн нагац эгч Н.Мөнгөнцоож , Ц.Энхбаатарын авга ах Н.Баяржаргал нартай уулзаж ярилцлаа.
-Талийгаачдын дурсгалд зориулсан хөшөө босгохыг зөвхөн та бүхэн бус олон иргэн хүсч байгаа. Гэтэл яагаад газар олгодоггүй юм бол?
Н.Баяржаргал:
-Ёстой хэлж мэдэхгүй юм даа. Өнөөдөр манай улс ардчилсан тогтолцоотой гэсэн атлаа ард түмэн нь тэр дундаа төрийн буруутай үйл ажиллагаанаас болж ах дүү, хүү, ханиа алдсан иргэд хэнд хандахаа мэдэхгүй, яах учраа олохгүй явж байна. Тэр аймшигт үйл явдал болсноос хойш нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд бид дарга нарын өрөөний үүд сахиж, хэдэн ч бичиг цаас өгөв дөө. Одоо тоогоо алдсан. Гэтэл одоо ямар ч хариу байхгүй байсаар өдий хүрлээ. Д.Дорлигжав дарга албан бичиг илгээсэн гэсэн. Нааштай шийдэгдэх байх гээд л хүлээж байна даа.
-Хөшөөний хэмжээ хэр том билээ?
-Уг нь тийм их зай талбай эзлээд байхаар зүйл биш шүү дээ. Тавцан нь 11 метр, өндөр нь дөрөв, өргөн нь зургаан метр. Бидний сонгосон талбайд тавилаа гэхэд хүн явж болохгүй болно гээд байгаа гэсэн. Тийм зүйл байхгүй.
-Зарим нэг мэдээллийн хэрэгслээр энэ өдрийн үйл явдал юунаас үүдэлтэй вэ гэсэн асуулга явуулж байна. Та бүхэн юу гэж дүгнэдэг вэ?
Н.Мөнгөнцоож:
-Тухайн өдөр үнэхээр гэмт хэргийн шинжтэй балмад үйлдэл гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол үгээ хэлэх гэсэн, шударга бус үйлдлийг таслан зогсоох гэсэн ард түмний бухимдлаа тайлсан үйлдэл байсан юм.

Н.Баяржаргал:
-Авлига, хүнд суртал, шударга бус байдлыг ард түмэн тэвчихээ байгаад ийм алхам хийсэн. Олон иргэн АН-ыг дэмжээд л байдаг, гэтэл санал нь илт өөр гарсаар байгааг эрс эсэргүүцсэн үйлдэл. Ийм зүйл болохыг таамаглаж, мэдэж байсан МАХН-ынхан өөрсдийн үнэн байдлаа илрэх болохоор хумсаа нуусан муур адил тэнд үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг буруутгах ёс байхгүй гэв.

Буяны арга хэмжээг зохион байгуулж байгаа МоАХ-ны дэд дарга Ш.Түвдэндоржоос цөөн асуултад хариулт авлаа.

-Та бүхэн хөшөөний газар олгох асуудлаар албан ёсоор хандсан уу?
-Бүх талаас нь хөөцөлдөөд байгаа. Удахгүй нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. Талийгаачдын ар гэрийнхэн энэ газрыг сонгосон нь бас учиртай юм билээ. Аймшигт үймээн болсон энэ халуун цэгт дахин ийм зүйл бүү давтагдаасай, хойч үе тэднийг санан дурсч байгаасай гэсэндээ энэ газрыг сонгоод байгаа юм. Хөшөөг нь энд байгуулвал илүү зохимжтой гэж бид бодож байна.
-Хөшөөний эх загвар шалгарсан. Одоо хөшөөгөө босгох ажил үргэлжлэх байх. Хөшөөг ямар хөрөнгөөр босгох гэж байгаа вэ?
-Манай холбооноос уралдаан зарлаад “Долдугаар сарын 1” гэсэн бүтээл шалгарсан. Хөшөөг хандив тусламжаар босгох болно. Газрын асуудал шийдэгдчихвэл хөшөөгөө босгоход удах зүйл байхгүй.
-Манай улсад олон төрийн бус байгууллага, хүний эрхийг хамгаалах байгууллага байна. Энэ арга хэмжээнд тэдгээр байгууллагаас оролцож байгаа нь мэдрэгдэхгүй байна. Танайх хамтарч зохион байгуулсны учир юу вэ?
-МоАХ байгуулагдсан цагаасаа эхлээд хүний эр, эрх чөлөөний төлөө тууштай тэмцсээр ирсэн. Энэ арга аймшигт үйл явдлаас үүдэн таван сайхан залуу цаг бусаар амь насаа алдсанд бид эмгэнэн гашуудаж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн үздэг. Тиймээс ч бид хамтарч энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
“Улаанбаатар” зочид буудлын өмнө цугларсан иргэд, талийгаачдын ар гэрийнхэн шав тавихыг санал болгосон ч МоАХ-ныхон зөвшөөрөл өгөхийг түр хүлээхийг санал болгов. Ингэснээр ар гэрийнхэн нь “2008 оны долдугаар сарын 1-ний өдөр амь насаа алдсан залуусын дурсгалд зориулсан хөшөө энд босно. 2009.07.01” гэсэн бичигтэй хавтангаа барьсаар эрх баригчид ямар шийд гаргахыг хүлээх болсон юм.
МоАХ-ын зохион байгуулагчид энэ ажлыг нааштай шийдэгдэнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлээд, ар гэрийнхэнтэй нь дараагийн арга хэмжээгээ зохион байгуулахаар явсан. Тэд Хандгайт зусланд байдаг “Хараацай ” нэртэй хүүхдийн асрах төвийг зорилоо. МоАх-ноос “Долдугаар сарын 1” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд гаргасан байсан юм. Мөнгөтэй нэг нь дархан цаазат Богд уулын амыг хүссэн хэмжээгээрээ хашсаар байна. Гэтэл төрийн буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан иргэдийн дурсгалд хэдхэн метр газар өгөх мэдэл эрх мэдэлтнүүдэд байдаггүй бололтой. Яагаад газар олгохгүй байгаа талаар бид Засаг даргын Тамгын газраас тодруулахаар зарим албан тушаалтнуудтай холбогдох гэсэн боловч хэн нь ч энэ асуултад хариулт өгөхийг хүссэнгүй.


No comments: