Tuesday, July 21, 2009

Хүн алснаа Өршөөлийн хуулиар зөвшөөрчихөв үү?

 Шорон эзгүйрч байна гэх таамгийг эхэнд дэвшүүлье. Өөрөөр хэлбэл Өршөөлийн тухай хууль үйлчилж эхлээд 10 дахь хоногтойгоо золгож байна. Хүчин төгөлдөр эл хуулиар өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр иргэдийн амь насыг буудан хороосон цагдаагийнхан хэргээс мултран завшиж байгаад зэвүүцсэн хохирогчдын ар гэрийнхэн өлсгөлөн зарласаар таван өдрийг ардаа үдлээ.
Хуучин бас хувьсан өөрчлөгдөшгүй энэ сэдвийн ард хамгийн чухалд тооцогдож буй тоо нь гэмгүй явсан таван хүний халуун амь.

Гэмгүй явсан иргэд рүү буу шагайсан хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан цагдаагийн хурандаа Ш.Батсүх нар болон эргүүл хамгаалалтын газрын I хэлтсийн 10 ажилтанг татан шалгасаар өдийг хүрсэнийг хэлэх юун.
Өнгөрсөн жилийн өдийд эдгээр этгээдүүд "Бидэнд хийсэн хэрэг байхгүй", “Байлдааны зориулалттай сум байгаагүй” гэхчлэн өөрсдийгөө хаацайлан хамгаалж байсан. Хэрэгтэн биш гэх атлаа хууль сахиулагчид өөрсдөө Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны үйл ажиллагааг 24 цагаар саатуулан хүч хэрэглэн шантаажласан нь гайхшрал төрүүлж байлаа. Гэхдээ энэ гол нь биш. Нэг л зүйлийг ойлгосонгүй. Худал үгийг мянга давтвал үнэн болдгийн үлгэрээр тэд буруугүй гэдгээ өнөөг хүртэл боломж гарвал хэлсээр байгаа. Тэгвэл яагаад тэднийг өршөөх гээд байна вэ. Миний итгэн үнэмшсэн хуулиар бол хэрэгтнийг өршөөж, хийгээгүйг нь цагаатгадаг. Энэ өнцгөөс нь аваад үзвэл яагаад цагдааг өршөөх ёстой гэж.
Харин ч эсрэгээрээ ойгоо тэмдэглэж буй эл өдрүүдэд бөх барилдуулан морь уралдуулахын оронд “биднийг цагаатга” хэмээн прокурорын дэргэд жагссан шигээ цуглах ёстой биш үү. Үгүй, тэгсэн. Тэд тэгсэнгүй. Огтоос чимээгүй байна. Бүр хохирогчдын өлсгөлөн шууд утгаараа цагдаагийн “хэрэгтнүүд”-ийг өршөөхийн эсрэг чиглээд байхад өмнөх шигээ үүрэг өгч хүчээр өлсгөлөнг зогсоосонгүй. Эндээс эндээс тэд буудчихсан нь үнэн юм гэх хялбархан хийгээд хөдлөшгүй дүгнэлтийг хийж болно.
Харин хуулийн үндэслэлээрээ бол Эрүүгийн хуулийн 263.1 буюу …албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас…иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учируулсан… гэх мөн тус хуулийн 272 заалтаар ял тулгаад буй. Харамсалтай нь сүүлийн заалтыг өмнөх УИХ-ын урт гартнууд /үнэндээ Ц.Нямдоржийн засварласан нэрээр хассан заалт/ хулгайлснаас хүчингүй болсон.
272 зүйл гээчийг үгүй хийснээр олон аавын хүүгийн амь насыг авч одсон “Ми-8” онгоцны осолд буруутгагдаад байсан хүмүүст, Хонгор сумын хэрэгт холбоотой нутгийн удирдлагууд гээд хэрэг хийсэн олон арван албан тушаалтан өнгөрсөн жил ямар нэгэн шийтгэлгүй үлдэж байлаа. Нисдэг тэрэг нисэх боломжгүй бороотой өдөр түймэр унтраахаар онгоц нисгэх тушаал өгсөн тэр хүмүүст зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ гэж найдаж байсан ч талаар болж байлаа.
Борооноор нисч “үхэх” тушаал, хорт бодисоор биологийн туршилж хийхийг зөвшөөрөл өгсөн дарга нар өдгөө наранд нуруугаа ээн алхангаа цэвэр агаараар цээж дүүртэл амьсгаа авч яваа.
Араас нь адгуус агнах аятай аймшигт “аллага” үйлдсэн хэрэгтнүүд өршөөгдөх гэж байна. Яагаад. Хэрэвзээ энгийн иргэн хүнийг хөнөөж, хүрээ талвал нөхрийг онц хүнд гэмт хэрэгтэн гэж үзэн дээд хэмжээ хавьцаа үйлчилдэг хуультай бол хүн буудсан цагдааг албан тушаалаа ашигласан гэж зүйлчлэн 2-3-хан жилийн ялтай заалтаар яллахаар төлөвлөж буйг санамсаргүй явдал гэж дүгнэвэл гэнэн болно.
Энэ бүхэн эхнээсээ шат дараатайгаар нарийн зохион байгуулсан төлөвлөлт байсан гэвэл илүү зохино. Иргэдийнхээ амь нас эрсэдэхэд хамгийн түрүүнд хариуцлага үүрэх ёстой Засгийн газрын тэргүүн огт дуу гаргаагүй.
Дүрэлзэн ассан иргэдийн уур хилэнг намжаах гэсэндээ тэд хэргийг шалгаж байна нэрийдлээр цаг хожих ялдамд Өршөөлийн хуулийг хуулийг боловсруулахдаа хэд хэдэн хувилбар санаачлах нэрийдлээр өөр хоорондоо тохиролцоо хийн амжжээ. Иргэдийн хүсэн хүлээсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч ялгаагүй. Мэдсээр байж ийм байдалд хүргэчихээд эцэстээ УИХ руу буруу чихэж байна. Бүх иргэдэд тэгшээр үйлчилэх ёстой энэ хуулийг харамсалтай нь тэгш бусаар үйлчлүүлж байна. Эцэстээ энэ нь иргэнд бус төрийн албан тушаалтнуудыг хамгаалахад чиглэсэн хууль болох нь тодорхой боллоо. Тодорхой болсоныг долоодугаар сарын 1-нээс үймээний хэргээр ял шийтгүүлсэн 200 гаруй залууст оноосон ялыг эсэргүүцсэн нийгмийн захиалгаар хийгдсэн эл хуулийн найм дугаар зүйл буюу Өршөөлд хамруулахгүй нөхцөл байдал харуулна. Угтаа энэ хуулийг батлах болсон цаг хугацааны бүрдэл нь долоодугаар сарын 1-нд чулуу шидсэнийхээ төлөө шийтгүүлсэн залууст өршөөл үзүүлэхэд агуулагдаж байсан ч эсрэгээрээ болчихож. Үймээнд оролцсон залуусыг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх заалтаар зүйлчилсэн. Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд энэ төрлийн гэмт хэргийг хамруулахгүй гээд тод заачихаж. Эцэстээ иргэдийн төлөө биш эрх мэдэлтэн, идсэн уусан, луйвардсан, балмад аашилсан төрийн албаныхныг хамгаалахад чиглэсэн хууль болох нь хэнд ч ойлгомжтой боллоо. Энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалагч бус эрх мэдэлтнүүдийн хамсаатан гэдгээ 76 харууллаа. Иргэдийг мартамхай хэмээн дөрвөн жилийн өмнө амласнаа үгүйсгэдэг тэд “бяцхан тархи”-наас ч илүү бяцхан гэдгээ харууллаа. Эргэн нэг сануулахад цагдаа нар энгийн иргэдийн амийг хөнөөсөн гэдгийг өршөөлийн тухай хууль харууллаа. Одоо бидэнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсоны дараа албан тушаалаа урвуулан ашигласан бус бусдыг амийг зэрлэгээр хөнөөсөн гэх гомдол гаргах л үлдлээ. Цагдаа нар өршөөгдөж байгаа нь хүн буудсан хэргээ хүлээсэн хэрэг биш үү.
Ай хөөрхий, албан тушаалтныг хаацайлахад чиглэсэн бас нэгэн хууль иргэдийн цөхрөл, харуулсалтай хамт тэмдэглэгдэн үлдэх нь ээ. Шорон эзгүйрч, төрийн албаныхан олшрох цаг ирэв үү.
Л.НАРАНТӨГС

No comments: