Monday, January 26, 2009

Ж.Батзаяа:Ухаан ороод хартал баахан цагдаа нар намайг тойроод зогссон байсан

Долдугаар сарын 1-ний өдөр таван иргэн буудуулж амь насаа алдсанаас гадна олон иргэн буудуулж хүнд гэмтсэн. Тэдний нэг Ерөнхий боловсролын сургуулийн XI ангийн сурагч долдугаар сарын 1-нээс өнөөг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсаар баасан гаригт түр хугацаагаар гэртээ гараад байна. Ингээд бид 17 настай Ж.Батзаяатай уулзаж ярилцсан юм.
-Сайн байна уу. Өнөөдөр эмнэлгээс гарсан гэсэн үү. Бие нь ямархуу байна?
-Сайн. Саяхан эмнэлгээс гарлаа. Долдугаар сарын 1-ний орой хэвтээд баасан гаригт эмнэлгээс гарлаа.
-Хөл дээрээ босч байгаа юу. Гүйцэт эдгээгүй байхад нь нэг хөл дээрээ хамаагүй ачаалал өгч болохгүй байх?
-Одоо л бороолж байгаа гэсэн. Суга таяг тулаад бага зэрэг явна аа. Эмч нар хамаагүй явж болохгүй гэж байна лээ.
-Тэр өдөр юу болсон юм бэ. Чи хэдэн цагт талбай дээр явж байсан юм бэ?
-Би талбайн урд талын буудлаас гэртээ харих гээд автобусанд суухаар очсон юм. Гэтэл бөөн хүн бужигнаад байсан.
-Зарим хүмүүс шоу болох гэж байгаа гэж дуулаад очсон гээд байсан. Чи тийм зүйл болох гэж байгаа гэж дуулсан байсан уу?
-Үгүй ээ, би юу ч мэдээгүй байсан. Манай нэг найз “Наран” их дэлгүүрийн ойролцоо ундаа бөөндөж зардаг. Би дэлгүүрийг нь хаалгаад 22 цагийн орчим гэртээ харих гэж байсан. Хүмүүс орилолдоод гал гараад байхаар нь очиж хармаар санагдаад. Очоод нэлээн харж зогссон. Аймаар юм болж байсан. Тэгээд харихаар явж байтал хар хувцастай цагдаагийн хүмүүс гараад ирсэн.
-Хаанаас Үймээний үеэр цагдаагийн ажилтнууд байнга л тэнд байсан ?
-Би ер нь юу болоод байгаа ч сайн ойлгоогүй байсан л даа. “Шангрелла” барилгын булан тойроод буудал руу явах гэж байсан юм. Гэтэл булан тойроод хэсэг цагдаа гарч ирсэн. Би буу барьсан гэж бодоогүй л дээ. Харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Гэтэл хөл рүү чулуугаар шидэх шиг болсон. Зугтъя гэж бодоод гүйх гэтэл шууд унасан. Түүнээс хойш юу болсныг сайн санадаггүй юм.
-Чи тэгээд яаж эмнэлэгт ирсэн юм бэ. Цагдаа нар хүргэсэн юм уу?
-Үгүй ээ. Цагдаа нар намайг эмнэлэгт хүргээгүй. Нэг ухаан орсон чинь баахан цагдаа нар тойроод зогсч байсан.
-Чи яг цагдаа гэдгийг нь мэдэж байгаа юм уу. Цагдаагийн ажилтнууд бид буудаагүй гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Гялгар хар машинтай, хар хувцас өмсөн буу барьсан хүмүүс байсан гэсэн яриа байдаг юм?
-Харанхуй байсан ч хар хувцастай, каск өмссөн энгэртээ police гэсэн бичигтэй хувцастай хүмүүс байсныг би харсан. Тэр бичиг нь л сайн харагдаж байсан юм. Би тэр бичгээр нь л цагдаа нар байна гэдгийг нь таньсан. Тэд машингүй явсан.
-Чамайг тойроод зогсч байсан цагдаа нар юу ярьж байсан бэ. Одоо тэр хүмүүсийг харвал таних уу?
-Би ухаан ороод “Ах аа надад туслаарай. Би ямар ч буруугүй шүү” гэж хэлсэн. Гэтэл харж зогсч байснаа “Хохь чинь. Чи наанаа ингээд хэвтэж бай” гэчихээд толгой дээр дэвсэлсэн. Тэгээд ухаан балартаад юу болсныг санадаггүй юм. Касктай байсан болохоор би танихгүй.
- Чи найзтайгаа явж байсан юм уу. Хэн чамайг эмнэлэгт хүргэсэн бэ?
-Би ганцаараа явч байсан. Нэг мэдэхэд хэдэн ах нар намайг машинд суулгаж байх шиг байсан. Нэг харсан чинь баахан эмч нар юм яриад байсан. Тэгээд би эмч нарын ярианаас буудуулсан гэдгээ мэдсэн.
-Чиний ойр орчинд өөр хэн нэгэн буудуулсан байсан уу?
-Буудуулсан даруйдаа нэг их өвддөггүй юм билээ. Нэг мэдэхэд ухаан алдсан байсан учир тухайн орчинд юу болсныг сайн санахгүй байна. Өөр хүн байгаагүй болов уу. Сүүлд эмнэлэгт эмчлүүлж байхад 16 настай гэсэн байх нэг хүү байсан.
-Гэрийнхэн чинь яаж мэдсэн юм бэ. Чи буудуулсан цагаасаа хойш хэдэн цагийн дараа тусламж авч чадсан юм бэ?
-Цагийг нь сайн мэдэхгүй ээ. Би 22 цагийн “Шангрела”-гийн барилга руу очсон. Тэгээд хэд цаг гээд эмнэлэгт ирснээ мэдэхгүй .Цус их алдсан байна гээд эмч нар яаралтай эмчилгээ хий гэж байсныг л санаж байна.
-Бууны сум яг хаагууур чинь орсон юм бэ. Ямар гэмтэл авсан гэж эмч нар хэлж байна вэ?
-Баруун хөлний гуяны яг урдаас нь буудсан юм билээ. Мэдрэлийн болоод артерийн судас дайрсан байна гэсэн.
-Энэ хугацаанд нэг ч удаа босоогүй юу. Байнга л эмнэлэгт хэвтээд байв уу. Одоо яагаад эмнэлгээс гаргасан юм бол. Эмчилгээ болсон гэж үзсэн юм болов уу?
-Тэгсээн. Долдугаар сарын 1-ний оройноос хойш байнга л эмнэлэгт сахиуртай хэвтэж байлаа. Гэмтлийн эмнэлэгт хүн нь ихдээд оргүй болсон учир намайг арай дээрдсэн гээд 14 хоног гэртээ хэвтэж байгаад ир гээд гаргасан. Эмчилгээ нь дуусаагүй юм шиг байна лээ. Дахиад нэг жил гаруй эмчлүүлэх хэрэгтэй байх.
- Сум орсон сорви нь яаж эдгэсэн бэ. Харж болох уу?
-Одоо гипсний цаанаас сайн харагдахгүй байх аа. Сумнаас зарим нэг зүйл нь үлдсэн гээд жижиг юмнууд зураг дээр харагдаад байсан. Түүнийг аваад прокурорт өгсөн гэсэн.
-Түлэгдсэн юм шиг энэ том сорви байна. Буудуулснаас болж ийм том сорви тогтсон юм уу?
-Сумных биш аппаратных. Бэртсэн ясыг нь хадаад аппарат зүүдэг юм билээ. Тэр хадаас аппаратны сорви ийм болдог юм байна.
-Эмч нар ер нь юу гэж байна. Ямар эмчилгээ хийх юм бол?
-Миний буудуулсан хөл нөгөө хөлнөөсөө долоон см богино байгаа. Эдгээгээд дараа нь сунгах эмчилгээ хийнэ гэсэн. Сунгадаг аппараттайгаа гурван сар болоод дахиад нэг жил эмчилгээ хийх ёстой юм шиг байна лээ. Тэгэхээр эрүүл болоход дахиад нэг жил хэрэгтэй байх. Хөдөө өссөн хүүхэд илүү чийрэг байдаг юм байна гэж эмч нар ярьж байсан.
-Эмчилгээний зардал, эм тариа нь хаанаас хэн өгч байна вэ. Манай хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болон бусад байгууллагаас хүмүүс ирж уулзсан уу. Ингэхэд танайх хэдүүлээ амьдардаг юм бэ?
-Би ээж, хоёр ах, нэг эгч, дүүтэйгээ амьдардаг. Ээж, ах хоёр барилгын ажил хийдэг. Улирлын чанартай болохоор өвөл ажил нь багасдаг юм. Надтай ямар нэгэн хүн энэ хугацаанд ирж уулзаагүй. Энэ хэргийг шалгаж байгаа гээд байцаагч хэд хэдэн удаа ирж байцаалт авсан. Эм тариаг Гэмтэлийн эмнэлгийн эмч нар байгаа бүхнээ хийж аргагүй байхгүй зүйлийг гэрээс авахуулж байсан. Зуны хэдэн сар ээж байнга сахисан.
-Гарын чинь алга яагаад шарлачихсан юм бэ. Их хэмжээгээр эм тариа хэрэглээд ийм болсон юм уу?
-Хоолондоо гайгүй ээ. Их идэхээр гипс тулаад байдаг юм. Суга таяг тулаад байхаар гарын алга ийм болчихдог юм байна лээ. Эм тариа их хэрэглэнээ. Антипиотек их уугаад мөөгөнцөрдсөн. Хамаагүй ууж болдоггүй юм байна лээ. Тэгээд уухаа больё гэж эмч нарт хэлсэн учир одоо нэг их эм уухгүй байгаа.
-Өвчин намдаах эм уухгүй болохоор бас их өвдөх үү?
-Зарим шөнө маш их өвддөг. Тэглээ гээд яах ч билээ. Эм хамаагүй ууж болохгүй байгаа юм чинь.
-Миний дүү буудуулаагүй бол одоо арваннэгдүгээр ангид сурч байх байж. Сургуулиа яая гэж бодож байна. Ээж нь багш, захиралтай нь уулзсан болов уу. Ангийнхан нь ирж байна уу?
-Би III сургуульд сурдаг. Ээж багштай уулзсан гэсэн. Ангийнхан маань эмнэлэгт байхад эргэж ирсэн.
-Ямар мэргэжилтэй больё гэж боддог вэ. Эдгэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг биз дээ?
-Эдгэнэ шүү дээ би. Эдгээд, эрүүл болоод дуучин болно. Би дуучин болохыг хүсдэг.
-Энэ Ховдын эстрадын дууны уралдааны медаль байна. Чинийх үү. Танайх Ховдоос хотод ирээд удаж байна уу?
-Хоёр жилийн өмнө Ховдын төвөөс хотод шилжиж ирсэн. Би аймагтаа байхдаа олон тэмцээнд оролцон медаль авсан юм.
-Тухайн үед юунаас болоод үймээн гараад байгааг мэдээгүй юм байна. Одоо мэдсэн байх. Залуу хүний хувьд энэ үймээнд хэний буруу гэж боддог вэ?
-Би хэзээ хойно яагаад үймээн болсон, юу болоод байгааг мэдсэн. Хэн хэнийх нь л буруу юм шиг надад санагддаг юм.
-Миний дүү эдгээд хүссэн мэргэжлээ эзэмшин алдартай дуучин болоорой. Аливаа өвчин зовлонг эдгэнэ, сайхан болно гэсэн итгэлтэй байж л давдаг юм. Аз жаргал хүсье.
-За баярлалаа. Надад эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ах нарт танихгүй ч гэсэн маш их баярласан гэдгээ хэлмээр байна.

No comments: