Thursday, January 08, 2009

Санасандаа хүрсэн болохоор төсвийн мөнгө ч яамай

УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үйл явдал, эмх замбараагүй байдлын үеэр хохирсон иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхэд улсын төсвөөс 13 тэрбум төгрөг зарцуулах юм байх. Үнэндээ улстөрчдийн эрх мэдэл, зөөлөн суудлын төлөө хийсэн булай үйлдэл, өөрөөр хэлбэл сонгуулийн булхай луйвраас болж ард түмний хүүхдүүд өөр хоорондоо мөргөлдсөнөөс болж тэдний нэлээд хэсэг нь хохирсон. 700 гаруй хүнийг цагдаагийнхан баривчлан хорьж цагдаж тэдний 200 гаруйг нь эрүүгийн хуулиар шийтгэсэн. Төрд тангараг өргөсөн юм болохоороо хөөрхий цагдаа нар ч МАХН-ын дарга нарын тушаал зааврыг биелүүлж яваад бэртэж гэмтсэн. Зүрх нь хөөрсөн цагдаагийнхны бороохой, буцааж шидсэн чулуу, бууны суманд шархадсан.
Эв эрүүл зүгээр ажлаа хийж яваад тушаал гүйцэтгэснийхээ төлөө бэртэж гэмтсэн цагдаа байхад, Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ эдэлж чадалгүй сонгуулиар өгсөн саналаа луйвардуулчихаад түүнээ илэрхийлэх гэж очсон хүмүүс өчнөөнөөрөө хохирсон. МАХН-ын ялалтын шоу болно гэж сонсоод түүнийг үзэх гэж очсон насанд хүрээгүй хүүхдүүд ч олноороо бэртсэн нь бий. Энэ бүх хүмүүст төлбөр тэтгэмж өгөх нь л дээ.

Тэгэхдээ улсын төсвөөс, ард түмний халааснаас мөнгө гаргаж өгөх нь байна. Улс төрийн нэг нам, хэдхэн хүн улс төрийн эрх мэдлийнхээ төлөө, зөөлөн суудлын төлөө Монгол Улсын хууль ёсыг уландаа гишгиж ард түмний эрхийг зөрчин саналыг нь луйвардан авчихаад түүнийг нь хэлээд очихоор, монголчуудын хэлдгээр "Үнэнийг хэлсэн хүнд үхэр өшөөтэй" гэгчээр хэдийг нь буудан хороогоод, нэг хэсгийг нь барьж хориод, өчнөөнийг нь бэртээж гэмтээчихээд хохирлыг нь болохоор ард түмний халааснаас гаргаж төлдөг нь зүйд хэр нийцэх юм бол.

Одоо байтлаасаа долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр манай нам, МАХН байшингаараа хохирсон гэж үүнийхээ үнийг улсаас, ард түмэн биднээс авна гэж байгаа. Энэ чинь чухамдаа МАХН 1930-аад оны сүүлчээр 30 гаруй мянган хүнийг Зөвлөлтийнхөн, коминтернтэй нийлж буудчихаад одоо болохоор "Манай нам ч бас олон сайхан сэхээтнээрээ хохирсон" гээд ичих ч үгүй сууж байдагтай агаар нэгэн.
МАХН-ынхан, эрх баригчид нэгэнт л сонгуулиар луйвар хийснийхээ үр шимийг амсч өөрсдөө эрх мэдэлд хүрээд авсан болохоороо одоо бэртэж гэмтсэн, хохирсон иргэдэд хэдэн төгрөг өгч буянтай хүний дүр эсгээд өнгөрүүлье, тэр төсвийн алдагдал, хөрөнгө мөнгөний хомсдол ч яамай гэгч болж байгаа нь энэ.

Харин ч дөрвөн жилийн дараа сонгуулийн буухиа эхлэхэд ярих юмтай болж "Бид ард түмнээ харж үздэг нам. Тэр жил үймээний үеэр хохирсон иргэдэд бид тэтгэмж тусламж өгсөн шүү дээ" гэж ярих гэж байгаа нь энэ болов уу. Ухаандаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бол яг л ингэнэ л дээ. "Күмүе намайг катуу катуу л гэдэг. Гэхдээ би долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр кокирсон иргэдэд тэтгэмж үзүүлэх куулийг санаачилж байсан шүү дээ" гээд л нэг хэсэг ярина л даа.
Үүний цаана бас нэг зүйл байна. Тэр үеэр хохирсон бэртэж гэмтсэн хүмүүсийг хэрхэн тогтоосон юм бэ. Ихэнх нь цагдаа нар байгаа гээд л тоолсон л доо. Тусгай хувцастай, бамбайтай, гартаа бороохой барьсан атлаа гэмтчихлээ гэсэн цагдаагийн тоо 500 гараад байгаа. Тэгэхээр гар мухар байсан энгийн иргэд хэд бэртэж гэмтсэн бол. Чухамдаа тэр үед хаа тэртээ хотын баруун хэсэгт гэр хорооллын гудамжинд явж байсан хүнийг бариад хорьчихсон. Өнөөдөр шүүхээр шийтгэж байгаа юм чинь яг үйл явдлын дунд явж байгаад цагдаа нарт бороохойдуулаад, чулуу модоор цохиулаад тархиа хагалуулсан, гap хөлөө хугалуулсан өчнөөн хүн баривчлагдахаас айгаад "Би ингээд хохирчихсон, эндээ ийм гэмтэл авсан" гэж хэлж ирээгүй шүү дээ.

Тухайн үед, магадгүй өнөөдөр ч гэсэн ингээд ирвэл манай яруу алдарт цагдаагийнхан баяртайгаар баривчлаад цагдан хорьж эрүүдэн шүүхэд бэлэн байгаа. Магадгүй МАХН, Ц.Нямдорж ийм тэтгэмж өгнө гэж ийм урхи бэлтгэж дахин баривчилгаа хийх гэж байхыг ч үгүйсгэхгүй.
Тэгээд ч МАХН-ын байранд түрээсээр ажиллаж байсан өөрийн талын хүмүүсийн хохирол гээд баахан мөнгө төгрөг нэмж бичээд бидний мөнгийг тараах гэж байгаа ч юм бил үү.
Юутай ч, МАХН манай эрх баригчид нэг их сайн хүмүүс болчихсон тэтгэмж тусламж өгдөг хүн болох гээд л ядаж байна.
Мэдээллийн эх сурвалж:
Ардчилал сонин

No comments: