Saturday, January 10, 2009

Монголчуудад оюуны өндөр чадавхи бий

Шинжлэх ухаан, технологийн дэвшил асар хурдтайгаар довтолгож явна. Дэвшил хөгжлөө дагаад хүн төрөлхтний оюун ухаан ч цахимжих шинжтэй. Саяхан л нэг тоннын жинтэй компьютер бүтээж гэнэ гээд шуугиж байсан цаг хугацаа аль хэдийнэ ард үлдэж, өнөөх нэг тоннын хүнд, нүсэр цахим компьютер маань өдгөө халааслаад явмаар жинтэйгээс гадна хурд хүчний хувьд дэвшиж иржээ. Гэтэл бүр түүнийг маань хэл оруулан ярьдаг болгожээ. Бүр эх хэл дээр минь, эрэгтэй хүний цээл хоолойгоор бидэнтэй ярилцах нь.

Юутай их дэвшил, хөгжил вэ. Холбоо мэдээлэл, технологийн сургуулийн мэдээллийн сүлжээний багийн ахлах багш Б.Сүхбат “Монгол хэлний ярианы дифон синтезийн системийн судалгаа ба боловсруулалт” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Энэ бол цахимыг хэлд оруулах оюуны үнэт бүтээл байв. Энэ бол мөрөөдөл биш, манай эрдэмтэн мэргэдийн олон жилийн ажлын үр дүн гэнэ. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болон хүний аж амьдралд технологи, тэр дундаа мэдээлэл холбооны технологи эрчимтэй нэвтэрч нийгмийн хөгжил, аж байдал, хүн төрөлхтний өдөр тутмын харилцаанд өөрчлөлт гарч, нийгмийн үйл ажиллагаанд инеллектуаль болон автомат системүүд өргөнөөр хэрэглэгдэж байна. Өнөөдөр мэдээлэл харилцаа асар хурдаигай хөгжиж байгаа нэг хэлбэр бол энэ юм. Хэл яриа нь хүмүүсийн харилцааны хамгийн тохиромжтой хэлбэр бөгөөд санаа бодлоо илэрхийлэх чадвар, мэдээлэл солилцох хамгийн энгийн арга. Тиймээс ирээдүйд хүн ба компьютерын харилцаанд ярианы хэлбэр буюу ярианы технологи гарцаагүй давамгайлах болно гэдгийг эрдэмтэд нэгэнт баталжээ. Энэ ч үүднээс ийм төрлийн системүүд техник, технологи өндөр хөгжсөн орнуудад эрчимтэйгээр нэвтэрч байгаа аж.

Ярианы синтези болон яриан танилт нь яриа боловсруулалтын үндсэн хэсгүүдийн нэг юм. Ярианы технологийн систем нь маш нарийн төвөгтэй нийлмэл систем бөгөөд ийм төрлийн систем зохион бүтээх судалгаа шинжилгээний ажил олон арван жил үргэлжлэн хийгдэж байна. Өнөөдөр өргөн хүрээтэй арилжааны болон судалгаа шинжилгээний зориулалттай системүүдийг боловсруулж бүх салбарт ашиглах явдал өдөр ирэх бүр нэмэгдэж, хүрээгээ тэлж байна. Тухайлбал, удирдлага, мэдээлэл, харилцаа холбоо, мультмедиа систем боловсролын салбар, дохиоллын болон харуул хяналтын систем, хэл ярианы согогтой хүмүүст зориулсан гэх мэт өргөн хүрээг хамарч байгаа явдал юм.

Хөгжингүй орнууд өөр өөрийн төрөлх хэлний ярианы дохиог судлан боловсруулалт хийх замаар тухайн хэлний ярианы технологийн системүүдийг боловсруулан ашиглаж байна. Монгол хэлний яриа боловсруулах чиглэлд манай эрдэмтэд ажиллаж эхэлжээ. Энэхүү монгол хэлний ярианы синтезийн системийг зохион бүтээх ажлын суурь судалгаа авианы характеристик параметрүүдийг тогтоох, системийг боловсруулах, Профессор Б.Дамдинсүрэн, Б.Отгонбаяр, дэд профессор О.Бат-Энх нарын эрдэмтэд ажилласаар иржээ. Одоогийн байдлаар жил зургаан сарын хугацаанд өөрийн хэлний ярианы танилт болон синтезийн систем боловсруулах ажлыг төслийн удирдагч Б.Дамдинсүрэнгийн удирдлага дор дотоод, гадаадын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа юм байна.

Энэ бүгдээс ажихад монголчууд бид оюуны асар өндөр чадвартай ард түмэн гэдгээ нотлох бус уу. Юутай ч бид өдрөөс өдөрт өсөн дэвжиж байгаа техник технологио өөрсдийн оюунаар дэлхийд гайхагдах зүйлийг бүтээгээд байна.
мэдээллийн эх

No comments: